МҮОНТВ. Ухаалаг санхүү нэвтрүүлгийн Санхүүгийн сайн түүх буланд оролцсон тэмдэглэл


Монголын үндэсний олон нийтийн телевизээр Ухаалаг санхүү нэвтрүүлэг 2024 оны 11-р сараас гарч эхэлсэнийг анзаарч, үзэж, өрхийн төсөв хөтөлдөг түүх, туршлагаа таниулах хүслээр тус нэвтрүүлгийн багийн сошиал хаяг-аар харилцаж,
бидний харилцаа өрнөсөөр, бичлэгт орж,
2025 оны 2-р сарын 4-нд 10 дах дугаараар түгээгдсэн.


Өрхийн санхүүгээ хэзээнээс хөтөлж эхлэв, яагаад хөтөлж эхэлсэн вэ?

2000.9.26 16:00
эхлэн орлого, зарлагаа
бүртгэх боллоо.

гэж тэмдэглэлийн дэвтэр дээрээ гарчиг бичээд

4385 төгрөгийн эхний үлдэгдэлээ бичиж, 
энэ өдрийнхөө мөнгөний зарцуулалтаа бичиж,
маргааш өглөө нь

2000.9.27
2185 төгрөг гэж тэр өдрийн эхний үлдэгдэлээ бичиж,
мөнгө орлого, зарцуулалтаа бичиж эхэлсэн тэмдэглэл надад байна.

Манайх
2000-2015 онуудад өрхийн төсвөө бүртгэж,
2003 оноос бүртгэлийн ӨСӨХ ӨРХ программ зохиож ашиглаж, түүнийг танилцуулж, түгээж,
2007-2012 онуудад блогтоо оны эцэст хэрэглээний нийлбэр дүн, тайлан мэдээлэл бичиж,
2024 оны 2-р сараас excel програм дээр бүртгэл хөтөлж байна.

Өрхийн төсвөө яагаад хөтөлдөг болсоноо эргэн санахад,
цалин мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаа харж мэдэх хэрэгцээ шаардлага байгааг ойлгохын тулд дараах үйл явдлуудаас санаж сэрсэн байх гэж боддог.
- 1980-аад онд хэрэглэгдэж байсан 7-р ангийн Хөдөлмөр сургалт хичээлийн сурах бичгийн нилээн сүүлд өрхийн төсөв хөтлөх аргачлал байсаныг бид тухайн цагт 10 жилийн хичээлээр үзэж сонирхсон байх,
- 1970, 1980-аад оноос өрхийн төсвөө хөтөлдөг хэвшилтэй болсон тухайгаа Монголын радиогоор ярьсан ахмад хүний яриа нэвтрүүлгийг сонсож байсан,
- 1986-1990 оны үед зуны амралтаараа хөдөө гэртээ очиж гөеө (өвөөгийн ээж Мядагмаа)-тэйгээ 3 сар дэлгүүр хоршоо орж хоол хүнс, хувцас хунар худалдаж авахгүйгээр амьдардаг байсан үе 
- 1984 онд сургуульд орж үсэг, тоо бодлогыг багшаар заалгасан, 1994 онд компьютер сурч эхэлсэн зэргээ амьдралдаа хэрэглэх хэрэгтэй


Тэмдэглэл хөтөлсөнөөр таны амьдралд ямар үр дүн гарч эхэлсэн вэ?

Өдөр бүрийнхээ орлого, зарлагаа бичиж тэмдэглэх болсон нь сар, улирал, жилээр хүнс, бараа, автобус унаа, ус түлш, ном хэвлэл гэх мэт олон бүлгээр нийлбэр дүнг тооцоолж, худалдан авалт буюу хэрэглээ (энэ бол ахуй соёл)-гээ ажиглах, дүн шинжилгээ хийж, дараагийн худалдааг төлөвлөх, мөнгийг хуваарилах, ухаан ороход тустай байсан.

Өнөөдөр хэн мөнгийг юунд зарцуулж, хэдэн төгрөг үлдэв
гэдгийг бүртгэх үед өрх бүлийн гишүүд хэн нэгнийхээ худалдан авалтыг 
- буруутгаж, шүүмжилсэн өнгө аяс гаргахгүйгээр,
- зөвхөн бүртгэж тэмдэглэж байна,
- цаашид худалдан авалтаа ярилцаж, төлөвлөдөг болоход тустай гэдэг өнцгийг үргэлж бариарай.

Өрхийн хүн бүрийн энэ өдрийн орлого, зарлагыг оройдоо (хоолны дараа, амрахын өмнө) бүртгэн хөтөлж, харилцан ярилцах хэвшсэнээр, тоо бодлого, үг үсэг сурч мэдсэн бага ангийн боловсрол гэж энгийнээр, хөнгөн зүйл, зөвхөн тэмдэглэл бичиж байна, хэн нэгнийг ингэлээ, тэглээ гэж буруутгах зүйл биш гэж хүлээж авснаар өрх бүл дэх эхнэр, нөхөр, үр хүүхдийн харилцаа илүү дотно болоход тустай.
"Хэрэлдэхэд 2 хүн хэрэгтэй, Хэн ухаалаг нь чимээгүй болдог".

Өрх бүлд аав ээж, ах дүүсээс хишиглэсэн мах шөл, цагаан идээ, мөн хувцас хунар, эдлэл хэрэгслэл, мөн өөрсдөө хүмүүст бэлэглэж байгаа зүйлсээ 0 - "тэг" үнэтэйгээр бүртгэлдээ нэмсэнээр, жил, улирлын дараах хэрэглээний нийлбэр тоо хэмжээ зөв тооцогддог, 
тэмдэглэлт үйл явдал, зочин гийчин ирсэн зэргийг хүртэл өрхийн санхүүгийн бүртгэлдээ нэгэн төрөл болгон бүртгэж болдог.

Мөн залуус дүү нар зөвхөн өөрийнхөө мөнгөний бүртгэлийг хөтлөж хэвшсэнээр, ямар улиралд зардал бага байдаг, хэзээ мөнгөө цуглуулж болох, ямар хэрэглээ таныг хэн болгож харагдуулж байгаа зэргээ таньж мэдэхэд туслана.

Хүний үндсэн хэрэгцээ бол Танин мэдэхүй гэдгийг санаж, аливааг "гаднах шинж (байдал) чанар, амьдралд ямар нөлөөтэй мөн (харилцан үйлчлэл) чанар, зайлшгүй хэрэгцээт амин чанар" - 3 чанараар танихын төлөө амьдрах та гэгээрэлтэй гэсэн үг.

Аливаа зүйлд арвич хямгач байх байдалд өрхийн төсөв хөтөлдөг хэвшил тань туслана.
Орлогоо нэмэгдүүлэхээс илүү зарцуулалтаа ухаалаг болгох, мөнгө санхүүгийн талаарх мэдээллийг олон эх сурвалжаас суралцаарай.
- Монгол банкны САНХҮҮГИЙН БОЛОВРОЛ вэб хуудас
- Стандарт Инвестмент компанийн ХУВЬЦААНЫ ЦАГААН ТОЛГОЙ ном


Хэмнэсэн зардлын жишээ
- Зах худалдаанаас олон төрлийн хуванцар тоглоом худалдаж аваад, хэдхэн удаа хүүхэд тоглоод эвдрэх, хог хаягдал болдог тул
Монгол ардын шагайн 60 гаруй болон хөлөгт 100 гаруй тоглоомуудаас сурч, өрх гэртээ цаг улиралд тохируулж тоглодог уламжлалт соёлоо ахуйдаа оруулцгаая.


Нэвтрүүлгийг үзэх

Монголын Үндэсний Телевиз Фасебуук хуудас
Ухаалаг санхүү /2025.02.04/


Өрхийн төсөвтэй холбоотой бусад нийтлэлүүд

2003 оноос бүртгэлийн ӨСӨХ ӨРХ программ зохиож ашиглаж, түүнийг танилцуулж, түгээж байсан туршлага

2007-2012 онуудад блогтоо оны эцэст хэрэглээний нийлбэр дүн, тайлан мэдээлэл бичсэн нийтлэл

2024 оны 2-р сараас excel програм дээр бүртгэл хөтөлж байна.




Comments