2019.11.29 Түүхэн аялал жуулчлалд Галшарчуудын оролцоо зөвлөгөөнд оролцсон тэмдэглэл

2019.11.28-30 өдрүүд
Галшар сумын иргэдэд зориулсан зөвлөгөөнд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн хамт олон тэр дундаа БСШУСЯ-ны харъяа "Чингэс хааны өв, соёлын хүрээлэн"-ийн захирал Батбаяр нарын санал болгосоноор #ХоостАйл-ын үр дүнгээ танилцуулах болж, би оролцоод ирлээ.

Та мэдсэн байх,
БСШУСЯ-ны харъяа "Чингэс хааны өв, соёлын хүрээлэн" байгуулагдсанаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж, мөн Монгол улсад түүхэн аялал жуулчлал хөгжүүлэх ЗГ-ын шийдвэр тус хүрээлэнд төвлөрч, бодит ажил болно. Цаашилбал Чингис хааныхаа нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах асуудлыг ч хуульчлах боломжтой болох юм байна.

Зөвлөгөөнийг зохион байгуулагч Эргэх холбоо ТББ-ийн залуус надтай харилцаж,
бид баг болон ажиллалаа.

Энэ зөвлөгөөнийг зохион байгуулах багийн менежер М.Ганхүлэг

- Зөвлөгөөнийг ерөнхий зохион байгуулагчийн нэг нь Эргэх Холбоо ТББ юм. Энэ байгууллага нь Оюун-Эрдэнэ сайдын санаачилсан орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөөх байгууллага
- Таны сэдвийн хувьд ТEDxUlaanbaatar дээр танилцуулсан илтгэлийн агуулга маш сонирхолтой санагдсан. Мөн сумын иргэдэд хэрэгжүүлж болох, илүү энгийн ойлгомжтой болох тал дээр анхаарвал зөв байх. Airbnb зэрэг дэвшилтэт боломжуудыг илтгэлдээ харуулвал илүү өгөөжтэй бол уу? Файлаа та илгээгээрэй.
- Манай үйл ажиллагаанд хариуцлагатай, хүндэтгэлтэй хандаж байгаад баярлалаа.
- Удахгүй уулзая. 11.28-ны буюу Пүрэв гарагт 15:00 цагийн үед Хэнтий Чингис хот руу хөдлөнө. Таныг хаанаас авах хаягаа явуулаарай.

2019.11.28 Пүрэв
Хотоос Баянзүрхийн товчоогоор 17:00 цагт гарсан бид 200 км давхиад, 21 цагт Цэнхэрмандал цайны газарт бууж, Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн зөвлөлийн багийнхан энэхүү зөвлөгөөндөө оролцож, дуу хуурын бэлэг барихаар явж байгаатай тааралдаж, цааш хөдлөн Чингэс хотод 11 цаг өнгөрөөж хүрч, буудаллаж амарсан.

- Цэнхэрмандалд ямар ч хоолыг бэлтгэх хүчин чадалтай хоолны газарт бид орсон. Машинд яваа бид бүгдээрээ ижил хоол захиалчихвал хоол хийж, үйлчилж байгаа хоолны газрын хүмүүст амар гэж бодож болохгүйг анзаарсан.
- Цэнхэрмандалд тохь тухтай, байгальд ээлтэй жорлонг хэд хэдийг байгуулах хэрэгтэй юм байна
- Чингэс хотын зочид буудал нь орон нутгийнхаа номын сантай хамтран Зөөврийн үйлчилгээгээр нь ном уншлага байлгавал ямар бол гэж бодогдлоо. Зочид буудалтай хамтран ном хэвлэж байрлуулж болох юм.



2019.11.29 Баасан
Өглөөний цайгаа зочид буудалд уучихаад, 8 цагт Галшар сум руу хөдөлж, аймгийн төвийн урдхан талаас Галшар сум руу хөтөлсөн шороон замаар 100 км давхиад, цогцолбор баригдах түүхэн дурсгалт газарт очсон.


Энэ газарт анх Галшар сумын төв байсан, 1970-аад оны үед сумын төв 30 гаруй км урагш нүүж, одоогийн газартаа очсон гэнэ.
Тус сумын уугуул Хасу Мегаватт ХХК-ийн захирал Ж.Түмэн-Аюуш нь энэ газар орон, нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөгчидтэйгээ хамтран ажиллаж энэ газарт түүх дурсгал, аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор барихаар олон жилийн өмнөөс зорьж тэмүүлсээр, өнөөдөр хийж бүтээсэн, цаашид хийх зүйлсээ танилцууллаа.

Цааш сумын төв рүү бүгд явж, сургуулийн дотуур байранд очиж сурагчдын гал тогооны ногоотой шөл, бингээр дайлуулж өдрийн хоолоо идээд, сумын Соёлын төвд зөвлөгөөнөө үргэлжлүүлэхээр явсан.



13:40 цаг

Соёлын төвийн үйл ажиллагааг МУ-ын СТА, ерөөлч магтаалч ... Галшарын магтаалыг Тэргүүний ардын авъяастан Д.Шижирбаяр, сурагч О.Ганэрдэнэ, Ч.Тэмүүлэн нар морин хуурын эгшигтэй өргөснөөр эхлүүлсэн.

Галшар сумын засаг дарга Б.Энхтайван

- Сайн байцгаана уу, Зочид төлөөлөгч, нутгийн иргэд та бүхэндээ Өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. сайхан өвөлжиж байна уу, сайн явж ирцгээв үү?
Манай сум бол 667.6 мянган га газар нутагтай, Дорноговь, Сүхбаатар аймаг, өөрийн аймгийн 7 сумтай хил залгаа оршдог, УБ хотоос 470км, аймгийн төвөөс 138 км оршдог нутаг. 2018 оны жилийн эцсийн байдлаар 770 өрх, 2255 хүн ам бүртгэгдсэн, 330000 толгой мал, эдийн засгийн гол салбар бол мал аж ахуй зонхилсон сум.
Хэнтий аймгийн үүдэн хоймор болсон тус сум нь хөдөлмөрийн сайчууд олноор төрсөн гарсан алдартануудын өлгий нутаг, Улс орон даяар хурдан шандаст хөлгүүдтэй нутаг.
Тус суманд түүх соёлын 52 дурсгалт газар, 305 үл хөдлөх соёлын биет өвийн дурсгалууд бүртгэгдсэн байдаг. 2019 оны байдлаар, Галшар уул, Шөрмөсөн чулуут дов, Их хатадын уулс зэрэг 3 газрыг аймгийн хамгаалалтанд авч, нийт сумын нутгийн 20%-ыг аймаг, сумын хамгаалалтанд авсан. Сумын ИТХ-аар 2014 онд сумын аялал жуулчлалын маршрутыг тогтоож, тухайн үед тойрон аялалыг зохион байгуулж байсан.
2014 оноос аймгийн ЗДТГазрын ивээл доор Галшар адууны баяр үйл явдлыг Аймгийн ЗДТГ, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, аймгийн музей, УБ хот дах Галшар сумын нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн Сэцэн ханы уяачдын холбоо, тус сумын Хардэл бээсийн унага уяачдын холбоо болон бусад аж ахуйн нэгжүүд, Эх орон тв-тэй хамтран 6 дах жилдээ зохион байгуулсан. Жил бүрийн 7-р сарын 3 дах долоо хоногийн  Бямба, Нямд зохион байгуулж байхаар 2019 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа баталж, БОАЖЯаманд албан ёсоор хүргүүлж, цаашид аялал жуулчлалын яамны тогтмол эвент болгон өргөжүүлэхээр зорин ажиллаж байна. Галшар адууны баярын үйл ажиллагаанд хурдан морьдын уралдаан, Монгол хүү бага наадам, Сайхан наадамчин шалгаруулалт, Адуучин тэмцээн, Морины тухай дууны тэмцээн, ... жагсаал, Шүдлэн насны адууны үзэсгэлэн худалдаа, Аймгийн ... шалгаруулалт, аймгийн музейн ..., мөн нутгийн иргэдийн урласан өв соёлтой холбоотой бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, адууны соёлыг түгээн дэлгэрүүлж байдаг. Жил дараалан иргэдийн оролцоо, үзэгчийн тоо өсөж байдаг.
Тухайлбал 2014 онд 5 арга хэмжээг зохион байгуулж 850 гаруй хүн оролцож байв. 2019 онд 1340 орчим хүн оролцож, 7 төрлийн арга хэмжээг зохиож, төр, хувийн хэвшлээс 8.8 сая төгрөг зарцуулсан тооцоо байдаг.
120 гаруй жилийн тэртээ бий болсон Галшар адууны үүлдэрээ 2016 оноос ХХАХҮЯны сайдын тушаалаар адууны анхны үүлдэр гэж баталгаажуулсан. Хүлэг морьдоо уяж хурдлуулж байсан Шөрмөсөн чулууны дов руу 2018-2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18.7км цахилгаан дамжуулах агаарын шугамыг УИХ-ын гишүүн Оюунэрдэнийн дэмжлэгтэйгээр бий болгосон нь аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нээгдсэн гэж ойлгож байна.
Хужиртын бүтээн байгуулалттай үдээс өмнө танилцсан.
Монгол улсын ЗГ-аас Хэнтий аймаг нь түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарлагдаж, Мянганы суут хүн Их эзэн Чингэс хаан төсөл хэрэгжиж байгаа энэ цаг үед сумандаа анх удаа энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Түүхэн аялал жуулчлалд манай сум яаж оролцох юм, гарцыг тодорхойлох, бодлогоо тодорхойлох, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёлыг олон нийтэд сурталчлах, цаашид орон нутагтаа тохирсон аялал жуулчлалыг яаж хөгжүүлж болох вэ гэж энэ туршлагатай хүмүүсийн мэдээллийг сонсож, иргэддээ шинэ мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор зохион байгуулах бидний саналыг дэмжиж, хамтран ажилласан БОАЖЯ, УИХ-ын гишүүн Оюунэрдэнийн ажлын алба Эргэх холбоо хөгжлийн хөтөлбөр, Хэнтий аймгийн ЗД тамгын газар, Байгаль орчин АЖГазар, УБ хот дах аймаг, сумын нутгийн зөвлөл, энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ нутгийнхаа иргэдийн өмнөөс гүн талархал дэвшүүлье.

Монгол улсын төрийн дуулал эгшиглэсэн.
Хотгойдын унага дуугаар ая өргөсөн.

Хөтлөгч:
- ... Тэнгэрлэг галшар нутаг минь тэр чигээрээ аялгуу...

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Энхбаатар

- Та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Галшар нутаг түүхэндээ нэгэн шинэ хуудас нээх гэж байна.
Галшар нутаг гэдэг бол Хэнтий аймгийн үүд юм байна, үүдгүй хоймор гэж байхгүй учраас энэ зэрэгцэн хөгжих юм байна, Галшар нутаг бол Монголын адууны хоймор нь юм байна, Хоймроо засахгүй бол болохгүй юм байна гэдгийг санаж, сэтгэлдээ шингээж  олз омогтой буцах зөвлөлгөөн болоосой гэж хүсэж байна.

МУ-ын УИХ-ийн гишүүн, МУ-ын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Намуунгэрэл:

- Сайн байцгаана уу, сайхан өвөлжиж байна уу, Өнөөдөр Түүхэн аялал жуулчлалд Галшарчуудын оролцоо зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа Галшар сумын ЗДТГ-ын хамт олон, сумын иргэдийн хурал, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл болон бусад хамтран зохион байгуулж байгаа, бидний урилгыг хүлээн авч ирж илтгэл тавих илтгэгч нартаа ажлын албаныхаа өмнөөс баярлалаа гэж хэлье.
Гишүүн болохоор Сингапур улс руу албан томилолтоор явсан тул дараагийн эргэх холбоо 40, 41 гээд тойргоороо ирнэ, одоо бол яг манай ажлын албанаас төлөөлөөд ажлын албаныхан ирсэн байна.
2016 оноос МУ-ын ЗГ-аас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгож зарласантай холбогдуулан Хэнтий аймгийн сумдууд өөрсдийн онцлогт тохирсон, түүхтэйгээ улбаатай аялал жуулчлалын цогцолборуудыг бүтээн байгуулж байна. Үүний хүрээнд, Батноров суманд  Хүлэг Боорчи андлалын өргөө, Норовлин суманд 17 оны төсвөөр Шихихутуг буюу Их засаг цогцолбор, Биндэр суманд Их хуралдай цогцолбор, Дадал суманд Тэнгэрийн цогцолбор гээд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, одоо 20 оны төсөв дээр Бэрх хотод Монголын далд уурхай музей, сургалт судалгааны төвийг байгуулахыг төлөвлөж, улсын төсөвд суусан байгаа. Мөн Галшар суманд Өвгөн ноён Пүрэвжавын аялал жуулчлалын цогцолборыг хамтран бүтээн байгуулахаар зорьж ажиллаж байна.
Саяхан УИХ дээр 2020 оны Улсын төсвийг баталсан байгаа, Улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймаг 1-р жагссан, 2019 онд 2-рт жагссан байгаа, бүтээн байгуулалтад хамтарч ажиллаад Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье.

Хөтлөгч:
Түүхэн шастирыг нь сөхөөд гүйцэшгүй
Түрүүлсэн хүлгүүдийг нь тоолоод баршгүй
Олныхоо хүчинд нэгдмэл дийлэшгүй
Орчлонгийн үзэсгэлэнг нь хараад ханашгүй
Хайр ивээлээр дүүрэн бялхам
Халхад цуутай Галшар нутаг минь

Ардын боловсролын тэргүүний ажилтан Шүгдэрдоржийн шүлэг, Энхтайваны хөгжим Галшар нутаг дууг Ардын авъяастан Т.Отгончулуун дуулсан. Энэ залуу тус сумын Соёлын төв дэх номын санд номын санч-мэдээллийн ажилтанаар ажилладаг юм байна.

БСШУС яамны дэргэдэх Чингэс хааны өв, соёлын хүрээлэнгийн тэргүүн, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр

- Галшар нутгийн зон олон түмэндээ Улаанбаатар хот дах Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс энэ өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
МУ-ын ЗГ-ийн шийдвэрээр БСШУСЯамны харъяанд Чингэс хааны өв, соёлын хүрээлэнг байгуулж, 9-р сараас үйл ажиллагааг явуулж эхэлсэн байгаа.
МУ-ын ЗГ-аас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхтэй холбоотой олон ажлуудыг хийж байна, түүний хүрээнд Хэнтий нутгийнхан, тойргоос сонгогдсон гишүүд, нутгийн зөвлөл, орон нутгийн удирдлага, иргэд хөрөнгө оруулалтыг яаж үр ашигтай болгох талаар санал санаачлагатай ажиллаж байна.
Засгийн газар нь энэ зорилго чиглэлийнхээ хүрээнд Чингэс хааны өв, соёлын хүрээлэнг анх удаагаа байгууллаа,  Их хөлгөн судар Монголын нууц товчоо бичигдэж дууссан тэр цагаас ер нь Дэлхий нийтээрээ Чингэс хаан, Монголын эзэнт гүрнийг судалсан байдаг.
Монгол улсын хувьд бол түүхэн цаг үед ээдрээтэй цаг хугацаа байсан ч, 1920 оод оноос Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, тодорхой хэмжээнд судалсаар л байсан, 90 оноос хойш илүү их судалж өнөөгийн түвшинд хүрсэн байдаг. Мөн түүнчлэн МУ-ын Ерөнхий сайд өнгөрсөн хавар Хэнтий аймагт ажилласаныхаа дараа Улаанбаатар хотод Чингэс хааны музей байгуулах шийдвэр гарсан. Өнөөдөр Чингэс хааны музей баригдахаар бүх талын ажил явагдаж байна. Чингэс хааны маш том музейтэй болно, 21 онд үүд хаалгаа нээхээр ажиллаж байгаа. АЖ-ын өнөөдрийн зөвлөгөөний хувьд бол ийм зөвлөгөөнийг сум орон нутагтаа хийх ёстой юм байна гэж 2 жилийн өмнө Батноров суманд АЖ-ын оролцоо анхны зөвлөгөөнд өөрийн биеэр Энхтайван дарга оролцож, дараа жил сумандаа хийнэ гэж хэлсэндээ зохион байгуулж байгаад талархаж байна.
Энэ зөвлөгөөний тухайд сонирхолтой илтгэлүүд тавигдана, энэ АЖ гэдэг бол та биднээс хол биш, олон салбарыг хамардаг онцлог шинжлэх ухаан, зөвхөн төр засгаас АЖ-ыг хийгээд өгдөг юм биш, та бүхэн өөрөө идэвхитэй байж, яаж орон нутагт эдийн засгийн шинэ хөшүүргийг бий болгох вэ гэдэгт анхаарч, энгийн зүйлсийг өнөөдрийн илтгэгчид танилцуулна, үдээс өмнө бид Хардал жанжин бэйсийн түүхэн газарт цогцолбор байгуулахаар ажиллаж байгааг Галшар сумын нутгийн зөвлөл, сумын ИТХ-ийн төлөөллөөс мэдээлэл авч танилцлаа.
Галшар сумын нутгийн зөвлөл нь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлдөө шилдэг нь байдаг. Галшар сумын нутгийн зөвлөлийн дарга аж үйлдвэрийн гавъяат ажилтан Түмэн-Аюуш нь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд даргаар ажилладаг, үлгэр жишээ хүн байдаг. Дуучин Чинболор, Хасу Мегабатт компани нь Галшар сумынхаа нутгийн зөвлөлд идэвхитэй байдагт баярлалаа.
Өнөөдрийн чуулганд амжилт хүсье.

Хөтлөгч:
- Түүхэн аялал жуулчлалд Галшарчуудын оролцоо зөвлөлгөөнийг удирдаж чиглүүлж авч явна уу хэмээн УИХ-ын тамгийн газрын референт Д.Золбоодоо микрофоноо шилжүүлье.

УИХ-ын тамгийн газрын референт Д.Золбоо:

- МУ-ын ЗГ-аас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс болгож зарласантай холбогдуулж сум бүхэн онцлогоо харуулж, анхаарч ажиллаж байна. Галшар сум бол хурдан удмын адуугаараа алдартайг бид мэднэ. Өнөөдрийн зөвлөлгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт зочидоо танилцуулъя.
УИХ-ын гишүүн, МУ-ын ЗГ-ийн хэрэг эрхлэх газрын дарга Оюунэрдэнийн зөвлөх Л.Намуунгэрэл, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга М.Батбаяр, Галшар сумын ИТХ-ийн дарга Энхбаатар, Галшар сумын засаг дарга Б.Энхтайван, Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Галшар сумын нутгийн зөвлөлийн тэргүүн, Хасу Мегаватт компанийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Өвгөн ноён хардал жанжин бээстэний судлалын төвийн гүйцэтгэх захирал Н.Санжаадорж, Хэнтий аймгийн аялал жуулчлалын газрын дэд тэргүүн Баясгалан, Галшар сумын МАНамын хорооны дарга Нямбаатар, МУ-ын СТА, Монголын нийтийн дуучдын холбооны тэргүүн, Галшар сумын уугуул Чинболор, Байгаль орчин аялал жуулчлалын яамны тогтвортой аялал жуулчлал төслийн сургагч Дэлгэрмаа, Аргамаг тур ХХК-ийн захирал, сургагч багш Б.Бахатгүл, ХоостАйл санаачлагч, Бүтээлч галлерейн  менежер Ж.Бэгзсүрэн, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо ТББ-ийн гүйцэтгэх захирал Ариунсанаа, ... Ариунтуул, Хасу мегабатт компанийн менежер, Өвгөн ноён Пүрэвжавын дурсгалын цогцолборын төслийн удирдагч Батхүү, УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнийн зөвлөх Ганхүлэг нар та бүхэнтэй өнөөдрийн зөвлөгөөнд оролцохоор хүрэлцэн ирсэн байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны тогтвортой аялал жуулчлал төслийн сургагч Дэлгэрмаа





Галшар суманд баригдах бүтээн байгуулалт "Өвгөн ноён  М.Пүрэвжавын дурсгалын цогцолбор"-ын танилцуулга
Бичлэг үзэх холбоос

Аялал жуулчлалын эвэнт хэрхэн зохион байгуулах вэ?

Илтгэгч Н.Ариунсанаа
зургийг Эргэх холбоо фасебуук бүлгээс хуулав

Илтгэлийн видео бичлэг үзэх холбоос

Миний танилцуулсан ХоостАйл, Airbnb  илтгэл







2019.11.30 Бямба
Чингэс хотоос 8:30 цагт хөдөлсөн бид, 12:20 цагт УБ хотод ирлээ. Хэнтий нутгийн хүмүүстэй хамт явж байгаа болох зам дагуух нутаг орны мэдээллээс олж сонсож, аяллын замд анзаарч харж, мэдсэнээ зүйлсээ бичье.

- УБ-Налайхын шинэ замын дунд байрлуулсан замын гэрэлтүүлгийн шонгуудыг хамгаалж бетонон хаалтыг замын дунд тавьсан байгаад цас хунгарлаж, замын дунд мөстөж байгааг өөр шийдэл гаргаж, цасыг зам дээгүүр хийсээд өнгөрдөг болгохыг зориосой. Бетонон хавтанг газраас 10-15см өндөрлөвөл яах бол.

Санал, шийдэл

- Сум орон нутагт 4 улирлын онцлогтой амьдрал ахуйгаа алга болгож болохгүй юм, өөрөөр хэлбэл хавар, зун, намар, өвлийн улирлын онцлогтой ажил хөдөлмөр нь эрхэлж буй бэлчээрийн мал аж ахуйтайгаа холбоотой хэвээр байх нь өв уламжлал, хүн болж төлөвшихөд нэн тустай байна
- Дэлгүүрээс худалдан авдаг амьдрал нь хүмүүсийн ухамсар, сэтгэхүй, бүтээлч байдлыг доройтуулдаг гэдгийг ойлгож ухаарч, боловсрол болон ажил хөдөлмөр гэдэг үзэл баримтлалдаа хүний гараар бүтээх ажил хөдөлмөрийг заадаг, зөвлөдөг болсон улс орнууд байна. Иймээс суманд Гадаадаас, УБ хотоос зөөж аваачдаг хүнс, хувцас, зарим зүйлээ өөрсдөө бүтээх, өрх бүр үйлдвэрлэгч гэдэг Л.Түдэв гуайн үгийг бодох, ярилцах, хэрэгжүүлэх цаг болсон.
- Сумын номын сан, музейг орчин цагийн Бүтээлч Урлан Creative Gallery-тай хослуулан үйл ажиллагааг явуулахыг дэмжиж, сумынхаа бүтээлч иргэдийг дэмжсэн үйлчилгээний орчинг бий болгоход бодит зөвлөгөө, аргачлалаар хангана



Гэр бүлийн бүтээлч аялал

Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь 
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.


Дэлгэрэнгүй танилцуулга


Comments