Тэсийн гол дагуу амьдардаг малчдын төлөөлөлд ХоостАйлын туршлагаа танилцууллаа

Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо (МБАНХ)-ны хүсэлтээр 

ХоостАйл БийСоёын эзэд бид 2020-10-7 өдөр 14:00-18:00 цагт гадаад аялагч, жуулчдыг гэртээ хэрхэн ирүүлдэг, яагаад ирүүлэх болсон, жуулчидтай харилцахдаа анхаарах зүйлс, хүнс хоолоор үйлчлэх байдал, гэртээ жуулчдыг ирүүлснээр амьдралд гарч байгаа өөрчлөлт, үр дүнгээс танилцуулж, Монгол хүн зангаа гээхгүй, Монгол ахуй соёлынхоо эзэн байж амьдрахын аз жаргалаас хуваалцах боломжийг малчин залууст олгосонд гялайлаа.

Бид энэ сургалтанд мэдлэг, туршлагаа хуваалцаж, Малчин хүмүүс нь АЖ-д үзвэр байдлаар оролцох бус, жинхэнэ Монгол ахуй, соёлын эзэн нь байж, ХоостАйл болж оролцох боломжтойг харуулахыг зорилоо.

Монгол ахуй, ёс заншил, өв соёл, уламжлалыг сурталчилан таниулж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Тэсийн голын Монголчууд” төслийн ээлжит сургалтыг

МБАНХ-наас зохион байгуулж байна. 

Сургалтад Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан, Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны дарга М.Анхбаяр, Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа болон Завхан аймгийн Тэс, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Увс аймгийн Тус сумын малчдын төлөөлөл оролцож байна.
Эх сурвалж: Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны вэб сайт  болон Олон нийтийн харилцааны ФБ Хуудас


Бидний сургалтанд Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа, Увс, Хөвсгөл, Завхан аймгийн малчдын төлөөлөл болж сонгогдон ирсэн Дорлиг, Даваа, Дэлгэрсайхан, Энхбат, Отгонбаяр нар бүтэн цагаар оролцлоо.

зургийг greenmongolia.mn вэбээс хуулбарлав

Сайн байцгаана уу?

сайхан хооллоцгоов уу, бүгдээрээ? сая өдрийн хоолондоо юу юу идчихэв ээ? яг л тодорхой хариулна шүү.  өөр өөр хоол сонгов уу, ижил хоолоор үйлчилсэн үү? гурилтай шөлөндөө гамбир дүрээд идэж байна уу?  сайхан шөлтэй устай хоолложээ, сайн байна.

Бид нар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны урилгаар ирж, та бүхэнтэй танилцаж, энэ хичээл сургалтыг хөтлөх гэж байгаа гэр бүл байна. Миний нэр бол Бэгзсүрэн, ХоостАйл гэдэг энэ үгийг санаачлаад, зөвлөн чиглүүлж, зааж байгаа хүн байгаа. Утас 99861326. Миний гэр бүлийн хүн Мөнгөнсоёмбо. 

Мөнгөнсоёмбо: би болохоор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежер мэргэжилтэй, сүүлийн 10-аад жил эрүүл амьдралын хэв маягийн зөвлөхөөр ажиллаж байна.

Хэдүүлээ хоорондоо танилцах нь байна, бид нар 14-18 цагт, үдээс хойших хэсгийг хариуцаж байгаа, түрүүнд та бүхэн анзаарсан бол бид нарт энэ байгууллагаас төлбөр мөнгө өгч байгаа, сургалтаа амжилттай хийхийг бүрэн дэмжиж байгаа.


Илүү их танилцаж, нөхөд болох хүсэл зорилго байна. Та нарт ямар хүсэл байна вэ, бид нартай танилцах хүсэл байна уу?

Бид нэрсээ хэллээ, 76, 77 онд төрсөн хүмүүс байна. Нар ургах зүг энд гээд, таниас эхэлье. Таны алдар хэн гэнэ ээ?

Анхбаяр, нөхөр Дорлиг, 75 оныхон. Даваа, 69 оных, гэр бүлийнх нь хүн ирээгүй, Энхбат, Дэмбэрэлмаа, 76 оных, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас Нарантуяа, нөхөр Отгонбаяр, 75, 77 оных, Пүрэвсүрэн 92 оных. 

Бидний өөрсдийн цаг ирсэн байгааг анзаарлаа, Бид 76, 77 оныхон нэг чухал сэдвийг ярилцах, ойлгож хэрэгжүүлэх ёстой болжээ, тийм байна аа.

Би Сүхбаатар аймгийн Баруун-урт сумаас гаралтай, аав ээж Сүхбаатар аймгаас гаралтай, Наран ургах зүгийн хүн байна, Гэргий маань Улаанбаатар хотын бүсгүй байна, 1998 онд гэр бүл болжээ. Ууган хүүхэд 21 нас хүрээд байна.

Түрүүнд сургалтын хэсгээс харахад, та бүхэн Тэсийн голоо дагасан, тэндээ төрж өссөн хүмүүс гэж таалаа. 

Тэсийн голыг сонсож байсанаас үзээгүй байна, тэр сайхан нутаг орноос Улаанбаатар хотдоо ирж оюуны мэдлэгээ дээшлүүлж байгаа та бүхэнд эхлээд баяр хүргэе. Хүний амьдралд ийм боломж цөөхөн, тэр олон ард түмнээс та 5 гэр бүл сонгогдоод ирсэн нь их хувь заяа байгаа.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо гэж энэ байгууллагыг эчнээ мэдэхээс ирж танилцаж байсангүй, та бүхнээс зориуд асууя, та бүхэн энэ байгууллагынхаа гишүүд үү? Хэдэн оноос гишүүн болов оо? Байгууллагаа мэдэж байх нь их чухал.

Би ам бүл 5-уулаа, Ам бүл хэд вэ? Отгонбаярын 6, Энхбатынх 6, Пүрэвсүрэн 4, Даваа 4, Дорлиг 8, өнөр өтгөн гэр бүлүүд байна. Өнөр өтгөн гэр бүлүүд байна, хүүхэд багачууд тань ч та бүхний хийх гэж байгаа ажилд оролцох учраас ам бүл чухал юм, хүн эцсийн эцэст хүнээр л дутаж байгаа, өөр зүйлээр дутдаггүй.

Манай хүүхдүүд бол 21 настай оюутан, 15 настай охин Хөвсгөл МСҮТ-д аяллын хөтөч 2.5 жилтэй сургалтанд оюутан, дараагийн охин 9-р ангийн сурагч энэ хотод байна. Ер нь 4 хүүхэд төрүүлж өсгөсөнөөс 1-ийгээ эндсэн байгаа, тэгээд ам бүл 5 гэсэн байгаа.

Одоо бол бид 2 гэртэй болчихоод байна, үндсэн гэр БЗД Дарь эхд байдаг, энэ зунаас Өвөр гүнтийн зусланд гэрээ нүүлгэж аваачсан байна. Энэ жил хөл хориотой холбоотойгоор цэвэр агаарт нүүж очсон.

Та бүхэн ямар сууцанд амьдарч байна вэ, Дорлигийнх 8 ханатай гэр, нэг хананы толгой 10, гэрийн диаметр 7 м байгаа. Отгонбаярынх өвөлжөөнд очихоор байшинтай, зунжаандаа гэртэй байна.

Бид ямар ажил мэргэжилтэй хүмүүс энд ирээд хичээл сургалт хийх гэж байна гэхлээр, би бол компьютерийн програм зохиогч мэргэжилтэй, мэргэжлээрээ Нацагдоржийн номын санд 14 жил компьютерийн ард ажилласан, 2012 онд ажлаа өгсөнөөс хойш хувиараа Дарь эхд үнээ малтай байсанаа тэжээж, эрүүл амьдралын клуб гэж ажиллуулж, хүмүүст сургалт зохион байгуулдаг, оёдол хийдэг айл болсон. Энэ зун зусланд гарч малчин айлуудаас сүү авч 2.5 тонн сүүг боловсруулж, малтай айл шиг л байлаа.

Та бүхэн ажил хөдөлмөр дээрээ малчид байна уу, фермер болсон уу?  бэлчээрийн мал аж ахуйгаа эрхэлж байгаа, Дорлигынх малын тоо толгой 1000, Даваа 200, Дэлгэрсайханых 200, Энхбат 800, сум, аймгийн аварга малчин Отгонбаярынх 1000 толгой малтай


Би боддог, 600, 800-аас дээш толгой малтай малчин өрх туслах малчинтай болж байгаа, ах дүүгээ хажуудаа аваад, гар дээрээ 500 малаа аваад, бусад малыг хөлсөөр харуулдаг, хуучнаар 3 айлтай нэгдэл юм шүү дээ, та бүхэн үүнээс цааш ам бүл гэхлээр өөрийн ам бүл дээрээ та нарт туслаж, хамтарч  амьдралаа бүтээж байгаа өрхүүдийн ам бүлийг нэмж, нийт тоог хэлж сураарай, өөрийн ам бүл бол 8, бид төдөн ам бүлийг хариуцсан айл гэж хэлж сураарай, 3 өрх айл гэхлээр цөөдөөд байна, үүний ард 15 хүн байна гэхлээр их болж байна.


Надад ойрд ямар хүсэл байсан гэхлээр, гэрийнхээ эсгийг ус нэвтэрдэггүй болгох юмсан, хонины нэхий таарахаар энэ нэхийг элдээд, Монгол аргаар ган бэлдээд, нухаж элдээд орны дэвсгэр болгох юмсан, мөн ХоостАйлд монгол айлуудаа зочлуулдаг болгох юмсан, жилд 100 гэр бүлийг зочлуулж Монгол хөлөгт тоглоом шагайн тоглоомоос зааж, ач тусыг хэлж, өөрсдөө хүнсээ бэлтгэхийн ач тусыг ойлгуулчих юмсан гэж бодож ажиллаж байна. Таны хүсэл, бодол юу байна?


Даваа, Дорлигийнх нэг хот айл, бид хашаагаа сэлбэх, мод ногоо тарихдаа мэрийгээд байна, Дэлгэрсайханых нөхөр нь 2-р ангийн хүүхдээ хараад үлдсэн байна, Энхбатынх энэ зун намар хүсэл мөрөөдөл нь малаа онд мэнд оруулахад бэлтгэж, Аялал жуулчлалын ажлын сураг чимээ Наадмын дараа гараад, малаа хэнд захиж үлдээх, Отгонбаярынх малаа таргалуулахад чармайж, өвлийн бэлтгэл хадлан өвсөө авсан байна,

Бид бүгд хүсэл мөрөөдлөө дагасаар, явсаар байтал нэг доор цугларсан байна. Дахин баяр хүргэе.


Өөрсдөд хэрэгтэй, өрөөл бусдад тустай гээд бодоод санаад яваад байхад болно. Өнөөдрийн энэ сургалт маань, өглөө Буянбадрах багшийн хичээл, одоо бидний ярих зүйл дээр үндэслээд та нар маань 2, 3 асууж ярилцах аялал жуулчлалын мэргэжилтэнүүдтэй танил болж, мөн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо маань малчидтай тулж ажиллаж, малчдыг чадавхижуулах, амьдрал ахуйг нь өөд татах, цаг зуурын бэрхшээлийг давахад нь туслах, Бэлчээр ашиглах бүлгүүдийг байгуулан бэлчээрийг доройтуулахгүйгээр ашиглахад сургахад анхаарч байгаад идэвхитэй оролцож, энэ бүхнийхээ тухай хот, оронд байгаа ах дүү, найз нөхөддөө ярьж хэлж, харилцан ойлголцсон, биенээ дэмжсэн нийлсэн амьдралыг хамтран бүтээцгээе.


Энэ удаагийн сургалтаар, 

манайх яагаад гэртээ жуулчин авдаг болсон, жуулчин авахаар ямар байна вэ, жуулчин хүнд хүнс хоол бэлтгэх гээд манай гэрт болсон зүйлийг ярих учраас та бүхэнд ойлгомжтой байх болов уу,

гар утсаа нислэг горим дээр тавиад дуудлага ирэхийг хааж, дууны бичлэг дээр тавиад яриаг бичээд аваарай. Дараа цаг гаргаад дахин сонсвол хэрэгтэй байдаг.


Та нар уул ус, ургамал амьтанаа хайрлая гэдэг тэр үгийг боддог уу, ер нь юманд хариуцлагатай байя, эко хэрэглээг дэмжье гэж боддог уу, энийг боддог хүмүүс гэртээ жуулчин авбал их сайн байдаг байхгүй юу, хэрвээ энэ зүйлийг боддоггүй мөнгө боддог, надад мөнгө хэрэгтэй байна гэж бодсон бол жуулчин аваад хэрэг байхгүй, түрүүний багшийн  бодит жишээгээр үзүүлж, хэлж сануулж, анхааруулснаар газар орноо сүйтгээд хачин юм болно, эцсийн үр дүндээ бид нар өөрсдөө хохирохгүй юм шиг боловч үр хүүхэд минь хохироод үлдэж байгаа, та нар тэрнийг мэдэж л байгаа,  ямар ч уул ус, нутаг оронгүй болчихбол үр хүүхэд маань хаана амьдрах юм вэ, Солонгосд очоод ажил хийгээд хэдэн жил ажиллах юм л байгаа юм, хэрвээ та бүхэн үнэхээр тэр зүйлийг боддог байвал гэртээ жуулчин авч болно, чадна.


Яагаад манайх жуулчин авдаг болсон вэ гэдгээ яръя. Энэ дэлгэц дээр олон орны хэлээр, англи, украйн, орос, япон, итали, монгол бичгээр баярлалаа гээд гадаад хүмүүс бичсэнийг харуулъя. Хүнээс баярлалаа гэдэг үг сонсъё гэвэл гэртээ жуулчин авах хэрэгтэй. Гадаа гудамжинд хүнд туслах, дэлгүүрт худалдан авалт хийхэд баярлалаа гэдэг үгийг ихээр сонсож болох ч, таны гэр дотор хэн баярлалаа гэж хэлдэг билээ. 


Амьдралаа хараад байхад бид хүнд туслах, мөн хүнээс дэмжлэг авах дуртай байсан байна, хүнээс бэлэг авах дуртай хүмүүс юм байна. Номын санд ажиллаж байхдаа олон хүүхэд багачуудад хайгаад байгаа номоо олоход нь туслаж зөвлөж байсан. Энэ болгоны цаана тэр хүнээс баярлалаа гэдэг үг сонсох, бэлэг авахад хүн чинь их баярладаг юм байна, одоо бид хүмүүст туслах цаг болсон, хүмүүст туслах хэрэгтэй гээд гэртээ гадаад хүмүүс авч эхэлсэн байгаа юм.




Гадаад хүмүүсийг гэртээ авах нөхцөл бүрдэхэд дараах зүйлс байна

1. Интернэт дээр гадаад хүмүүстэй харилцдаг үнэ төлбөргүй вэбүүд байдаг. Аялагч гадаад хүмүүсийг нутгийн хүмүүстэй холбож өгдөг couchsurfing цэг com вэбийг 2008.7.8 өдөр Америк залуу Andrew-ээс мэдэж авч, вэбийг орж үзээд, аялагч хүнийг надтай уулзуулдаг гэхлээр ямар гоё зүйл вэ гэж баярлаад, тэр дор нь өөрийгөө бүртгүүлж, хэрэглэж эхэлсэн байдаг. Тэрнээс хойш warmshower, workaway, airbnb, traveling spoon гээд вэбүүд байдгийг мэдэж, ашиглаж байна.

Энэ вэбүүд бүгд гар утсан дээр ороод ирсэн байгаа, хүүхдүүдтэйгээ хамжаад гар утсандаа ямар аппликейшн суулгасан вэ, банкны аппликейшн суулгасан байна, энэ вэбүүд нь гар утасны програмтай болсон байгаа.

Технологи хэрэглэж л гадаад хүнтэйгээ харилцана, түүнээс бус УБ, Увсад очсон хүн танайхыг хайж очно гэж байхгүй, Эхлээд заавал гар утас дээрх аппликейшнээрээ Увсын Тэсийн голд нутагладаг Дорлигийнх гэдэг айл байна гэдгийг цахимаар харуулж, тэр хүн тантай харилцаад, ямар нэг унаагаар танайд яваад очно.

2. Гадаад хүн манайд ирчихвэл миний гэр орны ажилд оролцоод, туслаад байдаг. Хүн ганцаараа усанд явсан нь дээр үү, 2-уулаа яваад ирвэл дээр үү, ямар ч айлд хүн хүч хэрэгтэй биз дээ, манайх Дарь эхэд 2007-2016 онд үнээ маллаж тэжээсэн юм, үнээгээ уул руугаа гаргах, гол руу услах, үнээ сааж байхад тугал татаад өгөх хүн хэрэгтэй байдаг даа, Түрүүнд хэн хэлж байсан, манай франц хэлний орчуулагч дүү франц хүмүүсийг аваачиж байсан гэсэн, тэр хүмүүст хийхгүй ажил гэж байхгүй харсан гэсэн, тэгэхлээр Хүнд хүнээс илүү хэрэгтэй юм гэж байхгүйг ойлгосон. Отгон хүүхэд 2 настай байхад манайд гадаад хүн ирж эхэлсэн, ээж нь гарч ороход нөгөө гадаад хүн хүүхдийг хараад байж байдаг. Одоо бид амьдралын ухаан сууж байна, 40 нас хүрчихлээ, хааяа нэг гадаад хүн ирээд манай ажилд тусалбал хэрэгтэй байна, тийм улиралд төдөн хүн хэрэгтэй болно гээд бодчихвол зүгээр байгаа.

3. Дараагийн нэг, хотод тохиолддог зүйл бол хоол хүнс худалдаж авахад, өөрсдөө малаа төхөөрөөд, ургацаа хурааж байгаа биш болохоор, дандаа л дэлгүүр, худалдаанаас худалдаж авна, гадаад хүндээ хэдүүлээ бууз хийж идэцгээе гээд чи мах аваад ирээрэй, гээд нөгөө гадаад хүнийхээ хот руу очиж бууз идэхийг нь болиулаад, өөрсдөө бусад орцыг гаргаад, гэртээ хамтдаа бууз хийж идэхэд нөгөө хүнд сонирхолтой, манай санхүүд нэмэртэй гэсэн үг.

Та бүхэн ч гэсэн дор бүрнээ гадаад хүн хүлээж авахын шалтгааныг бодно гэсэн үг, анх хэлсэнээр мөнгө бодож гадаад хүнийг ирүүлэх бус, мөнгө цуглуулаад юм болгоно гэж бараг л байхгүй, мөнгө бодож жуулчин ирүүлэхээс илүүтэйгээр мал ахуйн ажилдаа тус авах, гар утсаа бүрэн дүүрэн ашиглах боломж, ирж байгаа гадаад хүндээ хэрэгтэй зүйлээ захиад авчруулах гээд олон боломжийг олж харах хэрэгтэй. Манайх хүүхдүүд жаахан байхад олон орны тоглоомууд авчруулж тоглодог байсан.

4. Шинэ зүйлийг сурч мэдэх хэрэгтэй гэж бид боддог, Дэлхийн ертөнцийн сонин сайханыг сонсохыг хүсдэггүй бол гэрт тань гадаад хүн ирэх нь цагийн гарз болчих гээд байна.

5. Бүр цаашилбал, Монгол түүх, соёлоо хүмүүст танилцуулъя, Би Баяд уламжлалаа заавал гадаад гэхгүй Монгол хүнд үзүүлж харуулж, таниулж, өвлүүлж үлдээе, гэрээ ингэж барьдаг, яагаад бид аягаа долоодог учир начрыг хэлж, өвлүүлье гэвэл гэртээ жуулчдыг авчирч болно.


Аялал жуулчлалын компани та нарт жуулчин явуулдаг байж болно л доо, манайх тэгж үзээгүй. Бид түрүүний хэлсэн вэбүүдээр харилцаж, жуулчдыг гэртээ ирүүлдэг, хэнийг авчирахаа бид өөрсдөө шийддэг. Манайх руу 10 хүн хүсэлт явуулахад, бид мэдээллийг нь хараад, чи хүрээд ирээ, хамтарч тийм ийм зүйл манайд хийнэ шүү, чамтай тийм зүйл ярьна гээд заримыг нь ирүүлдэг.  Ингэхлээр харилцааны гадаад хэл ус хэрэгтэй болж байгаа биз. Орос хэл хэн сайн мэдэх вэ, бид 70-н хэдэн оныхон Орос хэлийг 10 жилдээ нилээн хэдэн жил үзсэн байгаа, Энхбатынд Тува жуулчин бол танайд ирнэ л гэсэн үг.


Англи хэлний анхан шатны мэдлэг тань туслана. Эхнэр маань англи хэлээр харилцах туршлагагүй байсан. Би номын сангийн ажлынхаа шугамаар хэлний ярианы курст сурсан, гадаадад ажлаар явсан байсан болохоор алхам тутамдаа англи хэлээр ярихад сурч байсан. Надад couchsurfing вэбийг хэлж өгсөн америк залуутайгаа хамт алхаж явахдаа явган хүний замыг заагаад энийг англиар юу гэдэг вэ гэж асуухад sidewalk гэж хэлж байсан нь мартагдахгүй, алхам тутамдаа л хэл сурч болно.


Тэгэхлээр энэ 2 слайдаас яах гэж жуулчин гэртээ авах хэрэгтэй байгааг, би ийм шалтгаанаар гадаад хүнийг гэртээ ирүүлье гэдгээ бодох хэрэгтэйг санууллаа. Биднийг сургаж байна, жуулчин ирнэ гээд зөвхөн дээшээ хараад байх бус, өөрсдийн хэрэгцээ шаардлагыг бодоорой.




Жуулчин, гадаад хүнтэй харилцахдаа анхаардаг зүйлс

Гэрт тань гадаад хүн ирэх гэж байгаа бол, хэн гэдэг хүн, хэдэн настай, юу хүсч мөрөөдөж, ямар хоол хүнс иддэггүй, юуг мэдэж авах гэж ирэх гэж байгааг заавал урьдчилж мэдэж авдаг, бид интернэтээр харилцахдаа энэ бүхнийг мэдэж авдаг.

Нөгөө хүнтэйгээ тохирсоныхоо дагуу тэнд тосч авна, тэнд уулзана гэж хэлсэндээ хүрдэг байх ёстой. Муу үг модон улаатай гэж нэг алдаа эндэгдэл дараагийн гадаад хүнийг ирэхийг хаадаг. 

Гэртээ ирэхэд гэр доторх хүн бүрийг танилцуулж, нэрийг нь ингэж хэлдэг гээд бичээд өгвөл бүр сайн. Мөн хүүхэддээ ямар үг хэлж танилцахыг заагаад өгчихвөл дуртай байдаг.

Хүний өмнөөс шийдвэр гаргаж боддоггүй, тэр хүн таныг дагуулж нутаг үзүүлнэ, унаа машинаар үйлчилнэ гэж ярьж болдоггүй.

Бас нэг анхаарах зүйл бол, энэ хүн босгон дээр гишгээд гарчихлаа, цай өгөхөд амсахгүй, үлдээгээд гарчихлаа гээд уурлаж бухимдах хэрэггүй, яагаад гэхлээр тэр хүмүүс манай ёс заншлаас юу ч мэдэхгүй, хүүхдээс долоон дор хүн ирж байгаа учраас юмыг тайлбарлахад бэлэн байх хэрэгтэй, манай нутагт тарагны аягийг долоодог юм гэж дараа нь тайлбарлан хэлдэг.

гадаад хүмүүс юм бичиж үлдээх дуртай байдаг, танайд тусгай дэвтэр байвал зүгээр, зочны дэвтэр гэж нэрлэсэн, бид дэвтэр дээрээ юм бичүүлээд, 4 шагай бэлэглээд, өмнө зааж өгсөн тоглоомуудыг тоглоорой гээд өгөхлөөр гадаад хүмүүс баярладаг. Зочны дэвтэр дээр хэн гэдгээ, танайх ямар байсан нь түүх болон бичигдэж үлддэг. 

Угтаж авдаг, үдэж гаргадаг Монгол ёсоо үргэлж харуулж, ажил хөдөлмөрийн цагаа зохицуулж, цаашдаа ирсэн жуулчинтайгаа жил бүр мэндчилгээ явуулдаг, интернэтээр харилцдаг байвал зүгээр. Ирдэгээ ирээд, мөнгөө өгөөд явсан хүмүүстэй юугаа харилцдаг юм гэвэл юм өсөхгүй. Та бүхэн таргийн хөрөнгөө авч үлдэж байж дараа жил нь таргаа бүрж байгаатай адил. Хөрөнгөө авч үлдэнэ гэдэг нь харилцааг хэлээд байгаа юм. Юмыг өсгөе, цаашаагаа үргэлжлүүлье гэвэл хамгийн чухал зүйл бол харилцаа холбоо, хүмүүстэй цахимаар харилцаж эхлэнэ гэдгийг анхаарч, гар утсандаа аппликейшн суулгана гэдгийг ойлгож хэрэгжүүлнэ.





Жуулчин хүмүүстэйгээ бид яаж холбоо тогтоодгийг хэлье

2008 онд анх манайд ирсэн гадаад хүн couchsurfing цэг com вэбийг хэлж өгсөн, энэ вэбийг одоо ч гэсэн Дэлхийн ямар ч хүн үнэ төлбөргүй хэрэглэдэг байгаа. Манайд ирж тэр хүн хонолоо, манайд амьдарлаа гэдгээрээ мөнгө авдаггүй, тийм онцлогтой вэб.  Гэргий бид хоёр 2 жилийн өмнө Беларус улс руу аялсан, тэнд очоод энэ вэбээрээ холбоо бариад Беларус эмэгтэйн гэрт очиж 7 хоносон, сүүлдээ баярлаад ээжийндээ бид хоёрыг дагуулж очсон, Монгол хүн манайд ирлээ, Монгол хоол бууз хийж өгсөн, гэрийг нь сайхан цэвэрлэж өгсөн гээд баярлаад ээжтэйгээ танилцуулж, Монгол бэлэг дурсгал, шагай, монгол зурагтай номын хавчуурга бэлэглэж байлаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхлээр, айлд сайхан зочилж очиж байгаа гэсэнтэй адилхан систем юм.

Манайд хүн зочилж ирж байна, бид айлд зочилж байгаа. Зочин хүн чинь, манайх бол өөрсдийн хийсэн талх, варениа аваад очдог. Манайд ирж байгаа гадаад хүн юу чаддаг байна, түүгээрээ бэлэг хийх нь сайхан байдаг, мөнгөөр зодож бэлэг хийх биш, өнгийн ноосон утсаар бугуйвч зангидах, цүнхнээсээ бишгүүр хөгжмөө гаргаж ирээд хүүхдэд хөгжим зааж өгөх, гэх мэт. Тэгэхээр сайн зочин хүн танайд ирэх нь байна.

Тэр систем дотор өөрийгөө бүртгүүлээд, Увс аймгийн Тэс суманд байна, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төддүгээр багт байна, төдөн ам бүлтэй, бид гэртээ гадаад хүмүүсийг ирүүлэхийг зөвшөөрдөг гээд мэдээллээ оруулчихна. Тэгэнгүүт та нартай энэ системээр харилцаж байгаад, би төдний үед очно, төд хонож болох уу гэхлээр нь та нар цаг улирлаа харж байгаад болно гэвэл Мөрөнгөөр дайраад тэгээд ингээд ирээрэй гэснээр чинь тэр хүн өөрөө яваад л ирнэ. Ирсэн хүн чинь танай зочин. Энэ хүнтэйгээ эвтэй найртай байж, 3 хоног тусыг нь авч, юу мэддэгээс нь сурч аваад явуулна шүү дээ. Жуулчин гэдэг чинь мөнгө өгдөг л хүн биш юм аа, та бүхэнд мэдлэг өгнө, та бүхний ажилд туслана. Бид энэ өнцгөөр нь гэртээ гадаад хүмүүс ирүүлдэг. 


warmshowers цэг com вэбийг унадаг дугуйгаар аялдаг хүмүүс хэрэглэдэг, workaway цэг info гээд вэб нь ажил, алсад гэсэн үгнүүд буюу гэрээсээ алс газарт очиж ажиллаж, ажил хийнгээ аялъя гэсэн утгатай.


Анх яагаад энэ зүйлийг эхлүүлсэнээ үргэлж санаж, 5 жилийн өмнө сонирхож байсан зүйлээ яагаад сонирхохгүй болсоноо эргэн хардаг байх хэрэгтэй. Унадаг дугуй унадаг, хэрэглэдэг айл л Дэлхийгээр унадаг дугуйгаар аялагчдын харилцдаг вэбийг хэрэглэх байх, иймд дугуйнд дуртай хүүхэддээ ийм вэб байдгийг хэлж харуулаарай. 


Дараагийн 2 вэб бол манайд ирэх хүн мөнгө төлж ирдэг, airbnb вэбийг манайх 2017 оноос хэрэглэж байна, хоногт 10 орчим доллар төлж ирдэг, мөнгөө төлж ирж байгаа хүн таниас хариуцлага нэхнэ. Энэ системээ ойлгож хэрэглэнэ гэж байдаг. 2018 оноос traveling spoon вэбийг хэрэглэж, өдрийн эсвэл оройн хоолоо хамт хийж идэхээр гадаад хүмүүс манайд ирдэг болсон, 20 евро төлнө, энэ мөнгөөр шинэ мах, ногоо авч, ясны шөл гаргаж, гурил элдүүлж, хамтдаа ороомог бууз, битүү шөл хийж иднэ.


Та нар аль вэбд нь өөрийгөө бүртгэж, хэрэглэж эхэлье гэж санагдаж байна вэ? Дорлиг ах бол couchsurfing вэбээс эхлэе гэж хэлж байна, сайхан Монгол хоол хийдэг хүн бол traveling spoon вэбийг хэрэглэж болох юм. 20 еврод нь тэр гадаад хүнээ зочид буудлаас нь авчрах, буцааж хүргэж өгөх унаа машины зардал багтдаг.


Дараагийн нэг анхаарах зүйл бол, гадаад компаниудын хийсэн вэбийг ашиглаж байна, тухайн системийг ашиглах заавар англи хэл дээр байгааг уншиж, ойлгож хэрэглэх чухал. Монголын ХоостАйлуудын ийм вэбийг Монголын компанитай хамтран хийх хүсэл байдаг. 


Гадаад хүмүүстэйгээ утсаар биш, заавал бичмэлээр харилцдаг.

Вэб системд зочин болон хоостайлаа дүгнэн сэтгэгдэл бичиж үлдээдэг, энэ нь дараагийн хүн танайхыг сонгож ирэх хүсэл төрүүлдэг. 

Жуулчны компаниар дамжин танайд гадаад хүн ирэх тохиолдолд хэн ирэх гэж байгааг урьдчилан мэдэж, цаашид ч тэр хүнтэйгээ харилцдаг байх нь чухал.






Жуулчин хүнтэйгээ харилцаад гэртээ ирүүлчихлээ, одоо гэртээ байхдаа юуг анхаарах вэ гэхлээр

Гадаад хүн Монгол гэрт ирээд, гадаад орондоо ямар байдаг шиг өөрийнхөөрөө байх гээд байдаг, Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг учраас хэлж өгөх зүйлс их гарна, цүнх саваа түгжиж үлдээхгүй, эм зэргээ ил гаргаад үлдээчихсэнийг жаахан хүүхэд чихэр гэж бодоод аваад идчихсэн тохиолдол гарч байсан, орой нь мэдээд хүүхдийнхээ ходоодыг угаалгаж байсан, тамхи татдаг гадаад жуулчинг гэртээ ирүүлэхгүй байхаар шийдэж байгаа, тамхины үнэрийг та нар мэдэх үү, татдаггүй хүний хувьд хэцүү, тамхи татаад ороод ирэхэд хувцас хунараас нь үнэртэнэ, хөдөө орон нутагт тамхинаас болж түймэр гарах ч аюултай тул, тавих шаардлагаа зөв тавьж, цэгцтэй байхыг хэлж байх, гадаад хүнээс үнэр үнэртдэг байдал их, халуун гэрт үнэр их содон, иймд гэр орондоо ганга, арц уугиулах, тэр хүнд хаана халуун усанд орж болохыг зааж өгдөг, гэрт тань гадаад хүн байхад хоорондоо чанга ярьж болохгүй, тэд намайг ирсэн чинь энэ гэр бүл муудалцаад байна гэж бодох талтай, гадаад хүнийг буруу зөрүү юм хийхлээр нь шоолж инээх бус, юу ч мэдэхгүй хүүхэд шиг хүн ирсэн гэж тооцож, хэлж тайлбарладаг байх, бидний нэг анхаарсан зүйл бол Монгол хүн гадаад хүнийг пиво, архиар дайлж, сүүлдээ тэр гадаад хүн нь цохиулаад, аяллаа зогсоосон Герман залуугийн түүх манай зочны дэвтэрт бичигдсэн байдаг, Монгол хүн чинь 60 нас хүрч байж жаргаж уудаг ёсоо санаж, манайхаар дамжин Монголыг таниж байгаа гэж үргэлж бодож байгаарай.






Манайх гэртээ жуулчингаа байлгадаг, илүү гэр байхгүй учраас бидэнд нэг талаасаа амар байдаг.

Манайд ирсэн Франц хүмүүс гэр хийгээд амьдардаг гэдгээ ярьсан нь бид 8 жил амьдарсан модон байшингаасаа гарч, гэрт дахин амьдрах болсон.

Гэртээ ирүүлдэг учраас, хэн ирэх гэж байгааг урьдчилан мэдэх учраас, гэрээ бэлдэж, тоос шороогоо арчиж, аяга халбагаа бэлдэнэ. Манайх гадаад хүний аяга халбага тусдаа байгаа, Өглөөний галт тэрэг, онгоцоор ирж байгаа бол ирэхэд нь цай уулгаад, хөнгөн хүнс идүүлээд, та ядаргаагаа тайлаад жаахан унтаж амар гээд зайг нь бэлтгээд өгөхөөр дуртай байдаг, хүний унтаж амрах орчин чухал байдаг, ор дэвсгэр нь зөөлөн байх уу, хатуу байх уу, орных нь наагуур хөшиг татаж тухтай орчин болгодог, өглөө босчихоод гадаад хүмүүс ихэнхдээ ороо хураадаггүй, иймд эхний өглөө нь заагаад өгчихдөг, ороо хураавал ажил тань бүтдэг гээд хэлээд өгчихнө, хөнжлөө яаж эвхэхийг зааж өгдөг, гадаад хүнийг зөнд нь орхилгүй, хажуудаа байлгаж, ажилдаа оролцуулж, юм ярилцаж үгийг баялгаа нэмэгдүүлэхэд анхаарч байгаарай

Энэ 2 франц хүмүүс компьютерийн мэргэжилтэй хүмүүс, кимбаб маягийн хоол хийж байна, хамтдаа хоол хийж идэх нь гадаад хүний хувьд маш чухал байдаг, боорцог хайрах, гурил элдэх гээд оролцуулах хэрэгтэй. Үзэмтэй будааг хүмүүс ихэнхдээ мэддэггүй, идэхдээ дуртай байдгийг анзаарсан. Гадаадын дүрдэг цайгаар дайлвал тэд тийм ч дуртай биш, Монголд байгаа гадаад бараа, ялангуяа солонгос, герман хүнс нь муу чанартай нь тэр улсаас ирсэн байдаг гэж бодоорой, Монголынхоо ургамлын цайгаар дайлаарай.

Гадаад хүмүүстэй хамт Монгол хоолоо хийж идэх нь сайхан, энэ гадаад хүний амьдралд ганцхан тохиох сайхан дурсамж байдаг, 2 дах удаагаа ирэх гадаад хүн тун цөөхөн

Өглөө бүхэн л үнээгээ саагаад байгаа нь адилхан боловч, тэр өглөөний сүүний амт чанар, үнээний ааш аяг өөр байдгийг бид мэднэ, түүн шиг танайд өдөр бүр гадаад хүн байх нь адилхан юм шиг боловч, өөр өөр өн





ОО болон усанд орохыг шийдсэн байдал

Орон нутагт агаар цэвэр, ус тунгалаг учраас бид өөрсдөө усанд орохгүй 7, 10 хонох, 1 сар болоход тоохгүй, яах ч үгүй, тоос тортоггүй учраас бие гаднаас бохирдохгүй байна. Ямартаа ч биед хувцас наалдаад, загатнаад сүйд болохгүй. Гэтэл гадаад хүмүүсийн онцлог бий, тэдний хөлсний булчирхай нь тухайн улсынхаа уур амьсгал, орчингоос хамаарч өөр байдаг, иймд ОО болон усанд орох орчинг заавал бодолцоно.

Манай ОО-ийн хувьд, манайд ирсэн Франц залуугаас биеэ засаад дээрээс нь модны үртэс цацаад, үнэрийг дараад байдаг, ялаа шумуул цуглахгүй болгодог, энэ холимогоо компост (compost) гэж нэрлэж тодорхой хугацааны дараа мод, хөрсний бордоо болдог гэдгийг мэдэж аваад, бид шуудайнд өтгөнөө цуглуулж, шээсээ ваннд цуглуулах байдлаар хэрэглэж эхэлсэн. Газрыг 2-3 м ухаад, өтгөнөө овоолж, хог хаягдалтай хамт байлгах нь газрын гүн рүүгээ уудаг ус руу шингэж бохирдуулах, дүүрсэн жорлон нь үер, борооны усанд хальж хөрсний бохирдол үүсгэдэг нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг болохыг хүн бүр мэддэг болсон.

Шээсийг усаар шингэлж газарт шингээж болдог.

Халуун усны байдлыг манайх хотод байгаа учраас ойр орчиндоо байгаа нийтийн халуун усыг заагаад өгчихдөг.


Олон улсын Жорлонгийн холбоо (International Toilet Organization) гэж байгууллага байдаг нь жорлонгийн асуудал Дэлхийн хэмжээний асуудал болсоныг илтгэдэг, тэндээс санал болгосон байгальд ээлтэй жорлонгийн олон хувилбар, шийдэл байгаа. Хуванцар саваар өтгөнөө тосдог савыг хийж, модны үртэс олдохгүй газарт байгалийн өвс ургамлыг жижиглэж хийх, холимогоо бэлчээрээс холхон, дэрсний ард асгавал байгальдаа шингэчих байх гэх мэт хар ухаанаар бодож байдаг.


Та бүхэн хаана ч явж байсан эндхийн жорлон, усанд ордог газар ямар байна, яаж шийдсэн байна гээд анзаарч харч, суралцдаг байвал юм болгоныг худалдаж аваад байх биш, өөрсдөө шийдэл олж, бусадтайгаа ярилцаж зөвлөлдөөд шийдэж чадна.


Шийдэл аялал жуулчлалын бүтээмжийн төвөөс манайд эко жорлон өгч, туршилт хийж хамтран ажиллаж байна. Энэ харагдаж байгаа кабинтай, ногоон савтай жорлонг Алтай Таван богдын аяллын газарт байрлуулж туршихад, 1 жилийн дараа холимог нь хөрс шиг болж задарсан байсан гэсэн.



Хүн дурсамж дүүрэн амьдардаг. Хүүхэд маань багадаа тэгдэг байж билээ, эмээ өвөө маань тэгдэг байж билээ гээд л дурсамж дүүрэн байгаа.

Гэрт тань гадаад хүн ирсэнийг дараа дурсаж ярих болно. 2020 оны 10 сарын 7нд сургалтанд сууж байсан, 1 жилийн дараа гадаад жуулчинг авч билээ гээд, эсвэл наадмаар гадаад хүн авсан гээд дурсаж ярих юм. Юу ер нь дурсамжийг авч үлддэг гэхлээр Зочны дэвтэр чухал байдаг.  Манайх 8 дэвтэртэй болсон байна, гадаад хүнээрээ аяллын сонин сайхан, сэтгэгдлийг нь бичүүлж байх хэрэгтэй. Манай дэвтэр дээр жишээлбэл ийм сэтгэгдлүүд байна, нэг гадаад хүн энэ зургийг зурсан байна, унадаг дугуй унасан нь би байна, Дэвтэртэй учраас явган аяллын зургаа үлдээсэн байна, энэ хүн  Тэрхийн цагаан нуураар аялсан аяллаа зурж тэмдэглэсэн байна, биднийг дараа ирэхэд энэ нуурыг энэ хэвээр нь хадгалж байгаарай гэж захиж бичсэн байдаг, Монголчууд бид аялахдаа хүртэл эх нутгаа хайрлан хөрсөө гэмтээхгүй, уул уснаасаа машин тэргээ хол байрлуулж үлгэр жишээг харуулах цаг болсон.

Гадаадаас хүн Монголын марафонд гүйх гэж ирсэн байна, энэ бол түрүүнд Буянбадрах багшийн хэлсэн нутаг орны эвент (event) шүү дээ, энэ Шинэ Зеландаас ирсэн 8 хүүхэдтэй айлын үлдээсэн сэтгэгдэл, нэрийн хуудас байна, хүүхдүүд нь аялж явахдаа хичээлээ үзээд, интернэтээр багш нараасаа даалгавраа аваад хийгээд явж байдгийг бид мэдсэн, халаасны хулгайчаас болгоомжтой байгаарай гэж энд бичсэн байна, сэтгэгдлийн дэвтэр дээрхийг бид уншаад, бодоод, дараагийн гадаад хүмүүстээ юу гэж хэлэхээ боддог, Орос залуучууд энд аяллын маршрутаа зураад, Аяллын 1 өдөр жирийн 5 өдөртэй тэнцдэг гэж бичсэнийг та бүхэн харж байна уу, хамтдаа орчуулах гээд үзье

Гадаад хүн ирэнгүүт л аягаа долоохоо болихгүй, аяга долоохыг гайхаж харна, тэр хүмүүст бид аяга долоохын 5 ач тусыг хэлээд өгчихдөг, хэлний дасгал, шүлс их залгигдаад хоол сайн шингэнэ, зүрхний хэм сайжирна, аяга цэвэрхэн болж ус бага хэрэглэж угаана, хоол идээд цадсан гэдгээ харуулж байна гээд, мөн хүн бүр өөрийн гэсэн аягатай учраас долоодог гээд хэлчихээр тэд Монголоос явахдаа 6 мөнгөн аяга худалдан аваад явсан гадаад айл байдаг. Модон аяга хийдэг нутгийн залуугаа танилцуулж, нутгийн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж худалдаж болно, гадаад хүмүүс ийм зүйлд дуртай.


Өөрсдөө мөн сэтгэгдлээ бичиж байх хэрэгтэй, нутаг, аймгийн сониндоо нийтлэл бичиж, манайд ийм гадаад хүмүүс ирлээ, монгол орныг ингэж боддог байж, ийм ийм зүйлийг харж, сураад явлаа гээд нутгийн сониндоо бичвэл сайн. Бид блог бичдэг, оны төгсгөлд тухайн онд ирсэн гадаад найзуудаа нэгтгэж дүгнэж бичдэг, 2019 онд 29 улсаас 99 зочин ирсэн байна, 183 өдрийг гадаад хүмүүстэйгээ өнгөрүүлжээ. 2020 он гарсанаас хойш эхний 3 сард гадаад хүмүүс ирээд, хөл хорио эхэлж зогсчихоод байгаа.

Казакстанд тааралдаж, танилцаж байсан Киргизийн ачааны машины жолооч Монголд жимс ачиж ирээд, бид нартай холбоо барьж, манай гэрт ирсэн тохиолдол байна.

Янз бүрийн хүмүүс ирсэнийг харж байна, өдөр бүр өөр хүмүүстэй уулзаж амьдарна гэдэг энэ ажлыг ховорхон хүмүүс л хийж чадна.

Бид 3-хан үеийн дараа хотжоод, хонины нэхийгээ ч элдэж чадахгүй болсон байна, та бүхнээсээ л яг яаж элдэж байна гээд асууж, сурна шүү.


Сүүлд бид видео хийдэг болсон, хэн гэдэг вэ, хаанаас ирсэн вэ, монголыг яаж төсөөлдөг байсан вэ, ирсэн чинь юу нь сайхан байна гэж асуугаад #MongoliaFriend бичлэг хийгээд интернэтэд тавьдаг болсон, одоо энэ хүмүүс нутагтаа очоод энэ видеогоо дахиж үзээд баярлаад байгаа.

Уругвай улсаас ирсэн бүсгүй надад юу ярьсан гэхлээр, газар нутгийнхаа төлөө хүмүүс нь гар гараасаа барьж хүний гинж болж зогсоод, уул уурхайн компанийг нутагтаа оруулаагүй гэж ярьсан, нутагтаа хайртай хүмүүс тийм юм хийдэг байх нь, бид нар чинь эсгийгээ хийхдээ нэгдэж чаддаг, гүүгээ тамгалахдаа, наадмаа хийхдээ, цагаан сараа хийхдээ нэгдэж чаддаг хүмүүс, тэгэхлээр газар орон, аялал жуулчлал гэх тодорхой сэдвүүдэд харилцаа холбооны хэрэгслэлээ ашиглаж нэгдэж байгаарай













Манай гэрт өнгөрсөн 10 жилд олон өөрчлөлт гарлаа

Энэ зурагт байгаа бид хоёр гоё юмны дунд суучихсан байна уу, Оросын Башкирын республикт байдаг, рашаан усны наад талд зургаа авахуулдаг сандалтай, Түрүүн Буянбадрах багшийн сануулснаар, нутаг орондоо юм байгуулахдаа машины зогсоол, амардаг сандал хийхээс уулынхаа оройд хөшөө дурсгал битгий байгуулаарай, тэнд шувууны баас дүүрэхийг бодолцоорой, би нутагтаа тийм юм байгуулмааргүй байна гэж саналаа хэлж, өгч байх ёстой юм билээ,

саяхан интернэтэд  шагайн хэлбэртэй ааруул хийсэнийг хүмүүс дургүй хүлээн авч, Монголчууд шагайг амандаа хийхийг хориглодог, хахчихна гээд, мөн шагай, тойгны ясыг идэх нь хүүхдээ идэж байгаатай адил гэж сэжиглэн, хориглон хэлдэг ёс байдгийг сэтгэгдэлд нь бичсэн байсан.


Та бүхэн аялах дуртай юу, Энхбатаа хаагуур хаагуур аялав, газар орон үзэх, хүнтэй танилцах, нутаг орны идээ будаа амсаад, Тувачууд юугаараа дайлж байна

Бид Казакстанд аялж байхдаа ааруулаа давстай хийдгийг амталж гайхаж байлаа.

Бид гэртээ гадаад хүмүүсийг ирүүлдэг болсоноосоо хойш, өөрсдөө аялъя гэж бодож, 40 насны ойгоо аялж тэмдэглэсэн, 2016 онд Оросын Новосибирск руу аялсан.

Манай гэрийн гадаа ирсэн Орос хүмүүсийн машинд суугаад өглөө 10 цагт Улаанбаатар хотоосоо гараад, шөнө 22 цагт Улаанүүдэд очиж байсан, яаж аялах аргаа мэдэж, аяллаа тооцоолж хэн ч аялж чадна.

2018 онд Беларус улсын Минск руу аялаад ирэхэд бараг 2 сар аялсан. Аяллаа #ШагайтайҮүргэвч гэж нэрлэж эхэлсэн.

Хүн ер нь гэртээ гадаад хүн ирүүлснээр хүний нүд нээгдэнэ, та нар дотроо тийм юмны төлөө л гадаад хүн ирүүлнэ гэж бодвол зүгээр, ер нь мөнгө төгрөг харах нь тийм ч сайн зүйл биш, аль болох хүмүүстэй танилцах хэрэгтэй, түүнээс бус ирсэн жуулчин танай хажуугийн гэрт байж байгаад яваад өгдөг бол миний хувьд утгагүй зүйл бол тэр.

Бид энэ бүх хүндээ талархал илэрхийлж, дурсамжаа сэргээж, жилдээ 1 удаа имэйл, мессеж бичдэг. 

Бидний зорилго бол Дэлхийн хүмүүс бие биенээ мэдэж, найзлаж нөхөрлөх л байгаа юм, нэг нэгнээсээ хэдэн жил юу хожих билээ дээ, бид 70, 80 наслахдаа хэндээ юу хэрэгтэй гэж цуглуулах билээ дээ, харин байгаль дэлхий түүх дурсгалын газар нь хэвээрээ үлдэж, үр хойчдоо  бэлчээр нутаг нь байж байх нь хамгийн чухал, тэгэх гэж Дэлхийн улс орнууд ямар байна гэж мэдэхээр аялж байгаа юм, Оросын Башкир, Казан гээд хот, нутгуудад Монгол хүнийг Чингэс хаан гэж үзэж, баярлаж талархдаг, энэ аяллын дараа би үсээ ингэж ургуулдаг болсон, илүү адилхан болохоор.


Та бүхнийг хүсэл, зорилгоор тань сонгон авч сургаж байгаа энэ байгууллагатайгаа холбоотой байж, сургалтын мэдээллээ ажил үйлс болгож, бид нараас ч илүү туршлага мэдлэгтэй болж, аялаарай. Удахгүй нисдэг машин гарна, 1000 төл, 1000 хургаа зараад л нисдэг машин худалдаж аваад, Дэлхийн улсуудаар аялаарай.


Монгол ёс заншил, уламжлал гэж байна, юм болгоныг Монголынх гэж ярьж болдоггүйг шагайгаар жишээ татан яръя, Шагайг эртний Грек, Ромд хэрэглэж байж, манайд ирж байгаа гадаад хүнийг миний үр хүүхэд европ шиг хөгжих юм бол 5хан үеийн дараа шагай гэж мэдэхгүй болно, 17, 18-р зуунд Европд үйлдвэржилт хөгжөөд, сүүг түүхий зарахыг хориглож заавал боловсруулдаг үйлдвэрт өгөх, малыг өөрсдөө төхөөрөхийг хориглож, махны үйлдвэрт өгдөг болсоноор шагайг олж харах боломжгүй болсон байна. Шагай гэдэг зүйл Дэлхийн хүмүүст мартагдсан зүйл болжээ. 

Яагаад жуулчин Монголд ирэх гээд байгаа нь тэр хүн өвөөгийнхөө амьдардаг байсан үе, аяга долоодог байсаныг санах гэж сурах гэж ирж байгаа, шагайгаа эргэн санахаар ирэх, байгальдаа ойрхон амьдарч болдогийг харах гэж ирэхээр байгаа гэж бид боддог болсон. Аяга долоохын ач тусыг мэдсэн аялагч хүн нутагтаа очоод аягаа долооно, аяга таваг угаадаг машинаа хэрэглэхгүй болно, өөрийн гэсэн мөнгөн аягатай хүн янз бүрийн шаазан аягууд худалдаж авахгүй гэж бид боддог.

Танай өвөө эмээ шагайгаар тоглодог байсан уу гэж гадаад хүнээсээ асуувал их зөв

Монгол юмаа их бодож, тунгааснаар, бид 4 шагайгаар 20 тоглоом тоглож болохыг бичлэг хийж тавьсан байгаа.

Гадаад хүмүүст интернэтээр Монгол хоолыг яаж бэлтгэдэгийг зааж өгдөг болсон байгаа.

ХоостАйлд зочлох хөтөлбөрийг санаачлан бий болгосон байгаатай танилцан, ашиглаарай.




Хоол хүнсээр үйлчлэхэд юуг анхаарах вэ

Үндэсний хувцсаа өмсөөд, даавуун уутанд борц байгаа, хажууд нь барьсан талх, цаана нь шилэнд дарсан хөмүүл байгаа. 

Хүүхдээ өсгөж байхдаа эрүүл өсгөхөд хоол хүнс чухал болохыг ойлгосон. Гадаад хүмүүс ирдэг болсноор Монгол хоол, уламжлал ямар байсаныг илүү их уншиж мэдэх дуртай болсон. Бага охин 2 настай байхад гадаад хүн ирдэг болсон. Жуулчид гэхээс илүү гадаад найзууд гэж нэрлэдэг, тэр хүмүүс гэрт хийсэн хоолонд дуртай байдаг. 

Монгол айлыг сонгоод ирж байгаа учраас нэр хүндээ боддог. Ирэнгүүт нь замдаа сайн явж ирэв үү, хоол унд нь ямар байсаныг асууж, цагаан хоолтон, мах иддэг эсэхийг асууж ярилцдаг. Гадаад хүмүүс гэрт хоол хийхэд оролцох дуртай байдаг. Гадаадад хоол иднэ гэдэг нь гэр бүлээрээ хамт сууж иддэг болохоор нөхөр ажлаас ирэхийг хүлээгээд хоолоо идэхгүй хүлээх гээд байгааг анзаарч, бид одоо хоолоо идэх хэрэгтэй, удахгүй нөхөр ирнэ гээд хэлдэг.

Хоол бэлтгэж байгаа гал тогооны хэрэгсэл, сав суулга нь эрүүл мэндэд хор уршиг үзүүлдэггүй байх, хөнгөн цагаан саванд халуун хоол унд бэлтгэдэггүй болохыг мэдэж, манайх саваа никель болгосон. Ногоон хоолтон, цагаан хоолтон нар их мэдлэгтэй хүмүүс байдаг. Аяга, шанагаа хуванцар биш болгосон.

Өнөөдөр ямар ямар хоол бэлтгэхээ төлөвлөж, түүнийгээ гадаад хүнтэйгээ ярилцаж, ярианаасаа шинэ англи үг сурч, хоол бэлтгэхээ хамтарч хийж, тухайн улсад яаж бэлтгэдэг зэргийг ярилцаад амждаг.

Гэр бүлийн нэг гишүүн гэдгийг нь хэлж, эхнээс нь чиний аяга, халбага энэ шүү, ийм тэмдэг, хээтэй гээд хэлээд өгчихөөр яг өөрийнхөө аягийг хэрэглээд сурчихдаг. Идсэнийхээ дараа аягаа тэнд тэгж угаагаад, энд тавиарай гэхлээр сурчихдаг.

Хоол хийх үедээ хумсаа урт ургуулаагүй, будаагүй, үсээ боосон байх цэвэрхэн.

Хоолонд амтлагчинд дургүй байдаг, чанаргүй түүхий эдээр хийсэн кетчуп, цуу, майноз байдгийг гадаад хүмүүс бидэнд ярьж өгсөн.

Хоол хүнсээ даавуун уутанд цуглуулах, сүүгээ битон саванд авах гээд, зориулалтын биш хуванцар савыг хэрэглэхгүй байх, Ургамлын тосыг зөөлөн галаар лууван, сонинг хуурах үед хэрэглэхээс олон дахин буцалгахад хэрэглэх нь хортой болгодог.

Монгол масло, цөцгийн тосыг хэрэглэхээс дэлгүүрийн маргарин, варенийг бараг л тоохгүй. Жимс авчраад өөрсдөө варень хийе гэхлээр гадаад хүмүүс дэмждэг.

Транс тос гээд үйлдвэрийн аргаар боловсруулж, бүтцийг нь өөрчилсөн, хадгалалтын хугацааг уртгасан тос хүн идэхэд биед нь ач тус багатай, биеэс цэвэрлэгдэж гарах нь удаан байдгийг  сургалтаар танилцуулдаг болсон.


Байгалийн гаралтай хүнс гадаад улсад үнэ ихтэй байдаг, тэжээмэл малын мах, сүү нь хүний биед муугаар нөлөөлж, харшилтай болгосон байдаг. Манайд ирсэн Финлянд залуу нутагтаа пакеттай сүү уудаггүй, уухлаар нь арьс нь загатнаад эхэлдэг байж, манайх тэр үед үнээ тэжээдэг байсан, энэ сүүг жаахан амсаад үз гээд гуйж байгаад амсуулж үзсэн, манай сүү харшил хөдөлгөхгүй байсан, ингээд манайд байхдаа дандаа сүү, тараг идсэн нь сайхан байсан.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, махнаас зайлсхийж цагаан хоолтон болсон гадаад хүмүүс их байдаг.


Гадаад хүмүүс жигнэсэн, буцалгасан хоолонд дуртай. Шөлтэй хоолоо хамгийн эхэнд хийж өгдөг. Гадаад хүмүүс хоолонд юу юу орсон нь тодорхой байхад дуртай. 

Хоол ундны жор дээр нутаг нутгийн хоол өөр учраас та бүхэн нутгийн түүхий эдийг хэрэглэж, брэнд хоолоо л бүтээнэ. Өвөө эмээгийн жорыг сэргээн санах нь зөв байна. Танай сум, орон нутгийн хоолны газарт хийдэг хоолыг өөрийн жороор л бэлтгэж амтны ялгааг мэдрүүлбэл сайн. 

Төмсийг бүтнээр нь чанахад амин дэм нь илүү хадгалагддаг, 


Манай хийдэг жоолны жор жишээ энд байна, Битүү шөлийг бид аян замын нь алжаалыг тайлах зорилгоор бэлтгэж өгдөг,  ясны шөлөнд нь бид өөрсдийн хоолоо хамт хийчихдэг, тэгээд хамтдаа хооллодог.

Хатаасан нялх халгайг халуун усанд хийж хандалж цай болгон дайлдаг. Өнгө, амтаар нь хандыг өөрсдөө тааруулаад бэлтгэнэ.


Монгол айл гэж нэрлэгдэхийн тулд дэлгүүрийн бэлэн хүнсийг аль болох хэрэглэхгүй байх, оройн хоол нь аарц, тараг юм, Монгол хүний хоолны мэдлэгийг харуулж байгаа гэж ойлгоорой. Хүүхэд насаа санахад, гөеө маань хүүхдүүдэд оройдоо тараг, өглөөд хусам боорцог, өдөртөө хярам өгдөг байсан.

Польш залуу Энэтхэгт аялж байхдаа сурсан, таргийг хатаасан сармисаар амталж иддэгийг хэлж байсан, бидэнд сонин сайхан байсан.


Ер нь ойлгох зүйл бол, Монголчуудын хоол тэжээл бол хийж иддэг хоолноос өмнө агаар гэдгийг ойлгуулах, цэвэр агаар, тунгалаг усаар дайлах гэж гадаад хүмүүсийг ирүүлж байна гэж хэлж болно.

Хүнс хоолыг эм шиг хүртэх учиртай гэж эртнээсээ хэлж сургаж байсаныг санаж, хоолоо эрүүл орчинд хамтдаа бэлтгэх, малынхаа ашиг шимийг хоол хүнс болгох

Ховдын Булганы бүсгүй нутагтаа ногоо тариад, хатаагаад Амт нэмэх үү гээд брэнд бүтээгдэхүүн гаргасан байна, Хөвсгөлийнхөн ногоог хатааж худалдаалж эхэлсэн байна.


Гадаад хүн ирэхлээр битүү шөл хийх нь ээ, бид өөрсдөө ингэж идээд байвал яах вэ эрүүл мэнд, биеийн жин ямар байх вэ гэдгээ давхар бодох хэрэгтэй, 5 жилийн дараа гадаад хүн буцаад ирэхэд бид хэвээрээ байж чадах уу, гаднаа жип машинтай болчихсон байх уу, нөгөө үзэхийг хүсээд, зориод ирсэн Монгол ахуй соёл, өөрийн эрүүл мэндээ хадгалсан хэвээр байхад сайхан уу, тийм учраас аюул осол, амьдрал ахуй, нүүдэл суудлаа тооцож бодсон байх чухал.



Цаашид бид яаж харилцах, юуг үзэж судлах талаар ярилцъя

Өнөөдрийн энэ сургалт нь та бүхэнд санаа өгч, боломжтой юм байна шүү гэж харагдвал зөв байх. Би хотод ирээд шинэ зүйл мэдээд ирлээ, аялал жуулчлал гэдэг чинь том зүйл биш юм байна, Бэгзээгийнх 1000 хүн ирүүлчихсэн байна гээд урам авах.

Орон нутагт, УБ-т болж байгаа сургалтуудыг олж мэдээд, оролцдог байх, Хэнтий аймгийн Норовлин сумын зөвлөгөө, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас сургалт, уулзалт хийх гэж байгааг Тэсийн голын монголчууд бүлэгтээ зарлаж мэдээлж, хотод байгаа хүүхэд, өөрсдөө зорьж оролцож, тэмдэглэл хөтөлж, дууны бичлэгээ сийрүүлж бичиж, блогтоо нийтлэж байгаарай.


Бид 40 гарсан хүмүүс, идэвхитэй 30 жил ажиллана гэвэл одоогийн 1 настай хүүхдийг бэлтгэхээс л эхэлнэ. Ном уншихад цаг гаргаарай, Монголоо таниулъя ном байдгийг олж мэдээд би баярлаж байсан, Дундаа нэг ном аваад дамжуулж унших, Уншсанаа бусаддаа ярьж өгөхөд илүү их сурна, Цаашилбал Лхагвасүрэн гээд энэ ахтай танилцаарай, TEDxChinggisCity үйл явдалд 1-р сард оролцохдоо би танилцаж, энэ хүнийг бий болгож байгаа Farm Stay Dornod-д гадаадын судлаач, аялагчид жуулчлан очдог болохыг, ирээдүйд хүүхдээ яаж Монгол хүнээр нь өсгөхөд анхаардаг зэргийг олж мэдсэн.


Манайх бол үргэлж өсч, хөгжихийн төлөө байна. Аялал жуулчлалын нэг салбар чиглэл, гэртээ гадаад хүнийг ирүүлдэг хэлбэрийг хөгжүүлж байгааг аялал жуулчлалын салбарын зарим мэргэжилтэнүүд үнэлж сайшаасан тул, бид илүү идэвхи чармайлт гаргаж ажиллана.

Миний амьдралын мөрөөдөл байдаг, хэдэн жилийн дараа бид хоёр үхэр тэрэгтэй Монгол орноороо аялаад явж байх юм, нэг эр үхэр нь тэргэндээ хөллөгддөг, нөгөө үнээ нь сүүгээ өгдөг байх юм, нэг суманд 2 сар амьдраад, дараагийн сум руу явдаг байх юм. Бид хаана байна тэнд гадаад хүмүүс очиж байх юм. Ийм маягаар амьдралаа төсөөлдөг. Монгол ахуй соёлынхоо эзэн нь болж, хайрлаж хэрэглэдэг байхаас юуг нь ч мэдэхгүй бол хамгаалж чадахгүй. 

Усыг нь уувал ёсыг нь дагадаг ёсыг шаардах эрхтэй хүмүүс нь та нар, нутаг орондоо ХоостАйлууд буюу гэртээ гадаад хүмүүсийг ирүүлдэг айл гэсэн үг байгаа юм, ХоостАйл гэдэг нь зүгээр нэг гадаад хүн ирүүлээд мөнгө боддог айл биш, тэр өв соёлоо хэрэглэж, байгалиа хэвээр нь авч үлдэхийн төлөө тэмцдэг айл байгаа юм, тэнд уул уурхайн компани ирэхэд гар гараасаа барьж гинж болоод зогсдог айлууд байгаа юм, түүнээс биш засаг даргын шийдвэр гэнэ ээ гэж орхиж болохгүй.

ХоостАйл болъё гэж бодож байгаа бол жип машинтай болохгүй юм байна, танд машин хэрэгтэй болбол унаа машин хаана ч олдоно, бид нарт эрдэм мэдлэг, өв соёл, хүний гараар баригдахгүй, нүдэнд харагдахгүй зүйлийг цуглуулах гэж л ХоостАйл болж байгаа юм шүү. 




Аялал жуулчлал нь бидний туулаад гарах, үр хүүхдүүд маань үргэлжлүүлээд хийх ажил, Аялал жуулчлалын мэргэжлийн компаниуд нь кампаа байгуулна, бид бол тэр компанид нь хувь эзэмшиж болох юм, малчин бид ахуй соёлоо хадгалан амьдрах нь л чухал, 1000 малтай айлд хийх ажил их байна.

Монголчуудын эрдэм ухааны уламжлал гээд Гонгоржав гуайн ном, Сайн мууг ялгая гээд номыг хүүхэддээ авч уншуулаарай, Баярлалаа гэдэг үгийг сонсох, хэлэх гэж гадаад хүмүүсийг гэртээ ирүүлж байна.


Гадаад хэл усыг сурах арга нь хүүхэлдэйн кино үзээд байх, ойлгохгүй байсан ч англи хэл дээр хэвлэгддэг Монгол мессенжер сонины нэг нүүрийг өдөр бүр уншаад байх гэдгийг хэл судлаач, шинийг санаачлагч Ц.Майдар багш зөвлөдөг. Яг л бид монгол хэлээ гэр бүлдээ сонссоор байгаад шулганаад яриад эхэлдэг шиг л гадаад хэлийг сурна. 

Нутаг орондоо байгаа гадаад хэлний багш, мөн олон улсын байгууллагуудын гадаад хүмүүстэй харилцаж, хэл усаа сайжруулаарай, та гадаад хэл заагаад өгөөч гэвэл танд үнэ төлбөргүй ч заагаад өгөхдөө дуртай байх болно.


Өөрийн сурсан, сонссон ажил амьдралдаа хэрэгтэй, тустай зүйлийг орой бүр хот айлынхан нэг гэртээ цуглаад ярьж өгдөг байх нь маш чухал, таны баруун гар болж тэд хөгжинө. Амь, амьдрал нь нэг болсон хүмүүс хоорондоо уулзаж ярилцах цагийг гаргаарай. Түүний хүчинд үлгэр, туульс өнөөдрийг хүртэл өвлөгдөн иржээ.


Сургалтанд хамрагдсан хүмүүсийн сэтгэгдэл

Дорлиг: 5-р ангийн бага хүүгээ англи хэл, фасебуукээр харилцуулъя, 9-р анги төгсөөд Хөвсгөл МСҮТ-ийн аяллын хөтөч ангид сургах байх даа.

Монгол улсад аялал жуулчлалын мэргэжилтэн хангалттай тооны биш учраас малчин хүн хүртэл аялал жуучлалын зохих ойлголт мэдлэгтэй байж, оролцохыг улс орон дэмжиж байна.

аялал жуулчлалын цаад талд газар нутаг далхлагддаг, хог хаягдлаар дүүрэх, ёс заншлаа гээх аюул занал байдгийг тооцож, анхаарч байгаарай.


Даваа: сонин сайхан мэдээлэлтэй сайхан сургалт болж байна. Ардын тоглоом наадам сайхан байлаа.


Түмэн-өлзий гуайн байгуулсан Оюун ухааны олон улсын музейг үзэж танилцаарай, цаашилбал орон нутгийн нөөц, мод, чулуугаар тоглоом хийхэд нутаг орны иргэдтэйгээ хамтраарай

Хүүхэд багачуудаа монгол тоглоомоор тоглохгүй ээ гээд хийхгүй байх биш, богтосны ясаар 100ш цэцэн бэр тоглоом хийж дэлгүүр хоршоонд жирийтэл хийсэн байхад хэн ч сонирхож, ярьж, авч хэрэглэнэ. Олноор үйлдвэрлээд тавих чухал, сургууль тэмцээн зохион байгуулахдаа авч ашиглана шүү дээ.


Шагайгаар тоглоход хүүхэд бага наснаасаа гар бие нь тослогдож, сайн тосоор биеэ дутаахгүй юм. Шагайг шуудайгаар нь цуглуулаарай, Эртний ван Ханддоржийн хэрэглэж байсан цуглуулсан шагай нь үнэд хүрч, өнөө цагт машинаар сольж авч байсан тохиолдол бий.


Пүрэвсүрэн: тэнд слайданд модон тоглоомууд сонин сайхан байна.


Эхлээд та бүхэн бүх зүйлийг бэлдээд гадаад хүнээ авна гэж бодож болохгүй шүү. Манай гэрт байгаа бүх зүйл хэрэглэгддэг байх, тайлбар, үүх түүхийг нь мэддэг байх, гадаад хүндээ ярьж тайлбарлаж чадах зүйлээ л харуулж ярих зорилгоор гэртээ тоглоом, эд зүйлсийг аваарай.


Энхбат: 4 шагайгаар яаж морь уралдуулдаг гэнэ ээ


Яагаад 4 шагай байдаг гэхлээр, шагай бол 6 талаараа буудаг ч, 4 буулт нь түгээмэл, эхлээд шагайг орхиулж сургах хэрэгтэй. 3 тохой өндрөөс орхиулж сургах. Буултыг нь зааж өгнө. Эхний тоглоом бол буултаар нь тоглодог Зуутах гэдэг нэртэй тоглоом. 4 ижил буувал 4 оноо, 2 ижил буувал 2 оноо, 4 бэрх буувал 8 оноо гээд.

Морь буултаа мэдсэний дараа, Наадмын тухай, 6 насны морины уралдаан, Дааганы уралдаан 15км гэж яриад, Морь буусаны тоогоор нь 1км давхилаа гээд тоог нэмээд явчихдаг.

Цаашлаад, шагайг шүүрэх, тонших гээд хурд, хараа сайжруулах дасгал бүхий тоглоомуудыг зааж өгдөг. 

Гадаад хүн ирдэггүй байсан бол би шагай шүүрэх тоглоомыг заавал гинжтэй тоглодог гээд л тоглохгүй яваад байх магадлалтай, харин хүнд 4 шагай бэлэглэчихээд түүгээрээ олон тоглоом тоглох боломжтойг харуулахын тулд бодож эхэлсэн. Одоо 1 содон шагайг дээш шидээд, доор 3 шагайг шүүрдэг байдлаар тоглодог болсон.

Саяхан мэдэж авсан зүйл бол, Монголчууд Шатрыг шагайгаараа тоглодог байжээ, хүү нь хонь, тэрэг нь ямаа, морь нь мориор, тэмээ нь тэмээгээр, бэрс, ноён дээр эзэн хүн өөрийн бэлзэг, зүүлтээ тавьдаг, шатар тоглож дуусахад хожигдсон хүн бэлзгээ алддаг байсан гэнэ, таны хэлснээр ноён, бэрсийн оронд онх буултаа хэрэглэж болох юм байна.


Агаар нь тунгалаг, ус нь тунгалаг учраас хүний уураг тархи хурдан ажиллаж, сайн сэтгэж чадаж байна. Хотод энэ бүхэн байхгүй тул машинаа тавиад алхах, нийтийн тээврээр явахын оронд түгжрэл руу машинтайгаа ороод байна шүү дээ. Та бүхэн биднээс илүү олон тоглоомыг зохиох байх аа.


Нарантуяа: Монгол өв соёлоо хадгалж үлдэх нь чухал юм байна, өөрсдийн уламжлал соёлоороо амьдрах нь чухал юм байна, малчин хүнд энэ бүхэн хадгалагдаж байгаа, Дэлхийн улсад сурталчлан таниулах хүмүүс нь бид нар юм байна гэдгийг ойлголоо.


Яг зөв. Малчин хүн нь 1000 эрдэмтэй гэдэг нь судар номонд бичигдсэн байна, малын хишиг ихээ, арьс ширээрээ гутал хувцсаа хийх, Дэлхийн хүмүүс тийм амьдралыг эрэлхийлээд байгаа, мөнгө гэдэг тоолдог зүйлд баригдаад ирэхлээрээ сүүлдээ мөнгөний төлөө ажилладаг болчихдог, Шагайгаар 20 тоглоом тоглодог хүн бол хүүхдийнхээ төрсөн өдрөөр шагайн 1 тоглоом зааж өгье гэж чадна, хуванцар янз бүрийн тоглоом худалдаж авах шаардлагагүй болно


Эндээс та бүхэн цаашид юу сурахаа олж мэдлээ, шинэ зорилготой боллоо, имэйл хэрэглэж сурах, 11-р ангийн хүүхэдтэйгээ нийлж гар утсандаа апп суулгах, англи хэлийг давтах

Онлайн хичээл сургалтанд хамрагдаж, зааж өгч болох юм. Ер нь бол сургалт төлбөртэй гээд хойш суугаад байх биш нэг хониор жилийн сургалтаа үнэгүй заах боломжтой, байгаа зүйлээрээ солилцоо хийхийг бартер гэж нэрлээд байгаа, таныг үнэгүй сургаж болно, гэхдээ хонь авна, Өөр нэг сургалт үнэгүй байх арга нь ирэх ашгаасаа хуваах, Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо та бүхнийг үнэгүйгээр шат дарааллан сургаад, ирсэн гадаад хүнийхээ тоогоор 5000 төг-ийг холбоондоо хандивла гэвэл та нар зөвшөөрөх үү, ийм байдлаар сургалт үнэгүй байж болдог.


Сургалтаас үгээ засаж, ойлголтоо бататгасан танд баяр хүргээд, амжилт хүсье.


Энэ илтгэлийн файл: https://www.slideshare.net/jbegzsuren/ss-238765572


Бид туршлага, мэдлэгээ хуваалцдаг сургалтууд

- Шагайг хэрхэн тайлбарлах, 4 шагайгаар тоглож болох тоглоомуудаас заах сургалт
- Аялал жуучлалын менежер, хөтөч нарт шагайг аялалдаа хэрхэн ашиглаж болох сургалт
- Гадаад хүмүүст гал тогоо барихдаа анхаарах зүйлс сургалт
- Бүтээлч хүмүүсийн нэгдэл Creative Gallery ба ХоостАйл сургалт
- ХоостАйлын эрүүл, идэвхитэй амьдралын хэв маяг гэж юу вэ сургалт
- Монголын хөлөгт тоглоомуудтай танилцуулах, заах сургалт
- Дундын хадгаламжийн бүлэг хэрхэн ажиллуулах вэ сургалт
- Аялал жуулчлалд нутгийн өрх ХоостАйл, нөхөрлөлийн оролцоо 



Гэр бүлийн бүтээлч аялал

Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь 
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.


Дэлгэрэнгүй танилцуулга


Comments