#МонголХүнс - Шар тос


Х.Жаргал: Шар тос яс тэжээнэ, тамир тэгшилнэ, хий хөөнө

Өрөмний шар, айрагны шар гэж 2 янзын шар тос бий.

Одоо цагт хий аривдсан хүмүүс их болжээ. 7 гаригийн эхний өдөр дөнгөж хайлсан хайлмагны шар тос нэг халбагыг хэлний доод хөх судсанд шингээн хүртэж байгаарай. Тэгвэл хоолойн өвчин бамбай тархи зүрхний хий тэнцвэрждэг. Баасан гаригийн орой унтахын өмнө бараан даавуунд шингээсэн халуун бүлээн шар тосоор 2 нүд 2 чамархайн судсан дээр 3 удаа жин тавиарай. Аваад хөнгөн зөөлөн илээд гарын хуруугаар хөнгөн товшоод өг. 2 өдрийн амралтын хугацаанд нүд тархи мэдрэхүй сайхан амарч судасны нарийсал нүдний даралт буудаг хараа сайжирна.

Бид аливаа зүйлийг хэрэглэхдээ тунг нь тааруулдаггүй. Сайн гэхээр хэмжээг нь ихдүүлж хэрэглэдэг. Хүүхдийг багаас нь 7 хоног тутамд ядаж нэг удаа хумсын толион чинээ шар тос хэлний хөх судалд нь шингээлгэж сургаарай. Дархлаа сайжирна хоолойн булчирхайн маш гайхамшигтай юугаар ч орлуулшгүй эрдэс тэжээл шүү.

Мөрнөөс 2 хөхний голоор дамжин сугаруу эргүүлэн халуун бүлээн шар тосоор иллэг хийж тунгалгийн булчирхайг сэрээж судлын зангираагаа тайлж зүрх судас хөхний хавдраас сэргийлээрэй. Маш сайн үр дүнтэй шүү. Энэ тойрог эргэлт хөндий цээжний усан эргэлт тунгалгийн судал амьсгалын олон зангилааг тайлна. Дурдвал маш олон зүйл бий.

Эрчүүдийн ар ууцанд онцгой анхаараарай. Ахар сүүлнээс нар зөв наймын тоо үүсгэх мэт сүүж ороосон эргэлтээр халуун бүлээн шар тосоор илж өгөөрэй. Ингэснээр түрүү булчирхайн элдэв өвчин илааршина. Бас давсагаас цавь гуяны дээд бүдүүн булчинлуу уруудуулж иллэг хийж өгөөрэй. Шээсний суваг болоод гуя хасны эргэлтийн хүйтэн хий арилна. Даарахгүй хүйтэн хоол унд хэрэглэхгүй гам бариарай. Бүлээн шар тос шингээсэн бор хөвөнгөөр ядаж 7 хоногт 1-3 удаа чихээ бөглөөрэй. Хий хуйнд маш сайн. Чихний ард тэнцвэрийн булчирхай байрладаг. Хүйтэн хий хурахаараа бие таллан хөрдөг ядардаг тамирддаг.

Паркетан шалнаас үүдэлтэй хөлийн ул янгинан даардаг хүмүүс хонины нэхийгээр улавч эсвэл оймс хийгээд өмсөөрэй. Унтахын өмнө бараан өнгийн даавуунд шингээсэн бүлээн шар тос хөлний нуманд байрлуулан ороогоод унтаарай. Хөлний улны нуманд бүх мэдрэлийн цэг дархлааны цэг 5 цул эрхтний цэг байдгийг хүн бүхэн мэднэ дээ. Тэр бүхэнд нэмэр тустай.


Дашнямын Охин Энхтүвшин: Халуун шар тосонд гар хөлөө дүрж үе мөчөө эмчил

2022.1.4
Халуун шар тосонд гар хөлөө дүрж үе мөчөө эмчил. Би бөндгөр бөндгөр үетэй хүнд гараа харуулахаасаа ичдэг байсан


Сүүлний тос мах тэжээнэ.
Шар тос яс тэжээнэ.
Өөхөн тос чөмөг тэжээнэ.

Алтан дээд үнэний аялгуу судрын тайлбараас

Өрөм хайлуулж шар тос бэлтгэх


Сүү, сүүгээр хийдэг цагаан идээгээ таньж мэдэх

Таван хошуу малын сүү нь найрлага, технологийн шинж чанарын хувьд бүх төрлийн идээ, ундаа бус харин ямар нэг бүтээгдэхүүн хийхэд илүү тохиромжтойг малчид өөрсдийн амьдралын туршлагаар мэдэж тэр чиглэлээр нь ашиглаж ирсэн байна. Жишээлбэл: 

- Хонины сүү тос, уураг ихтэй өтгөн учраас голдуу бяслаг, өрөм, ааруул, тараг
- Ингэний сүү уураг, чихрээр баялаг тул эсэг идээ, ундаа
- Гүүний сүү чихэрлэг харин уураг, тос багатай байдгаас зөвхөн айраг
- Сарлагийн сүү тос ихтэй учир өрөм, шар, цагаан тос тус тус хийдэг байна.

Бас бэлтгэх цагаан идээний нэр төрлийг малын сүүний найрлага чанар жилийн улирал, лактацийн хугацааг дагаж өөрчлөгддөг зүй тогтолд тохируулан сонгож зохистой ашиглаж иржээ. 

- Хавар эрт мал төллөх үеэр уураг сүүгээр идээ хийдэг.
- Дараа нь уургийн ба эрдэс бодисоор баялаг сүүгээр цагаан тос, ээзгий, тараг,
- лактацийн сүүлчээр малын өтгөрсөн үед ихэвчлэн шар тос, өрөм, ааруул, бяслаг хийх жишээтэй.

Бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд малын сүү шим ашиглах, цагаан идээ боловсруулах хамгийн тохиромжтой үе бол зун, намрын дэлгэр цаг юм. Учир нь юу гэвэл:

1. Төл нэлээд торниж эхийн сүүг нь илүүчлэн саах боломжтой болсон байдаг
2. Хавар төллөсөн малын сүү шим зун, намар нэмэгдэж дээд хэмжээндээ хүрдэг
3. Намар лактацийн сүүлийн саруудад малын  сүү нь тос, уураг, витаминаар баяжиж өтгөрдөг тул бүтээгдэхүүний гарц их, амт чанар сайн байдаг
4. Мал саах, цагаан идээ бэлтгэх ажилд оюутан сурагчдын хүчийг ашиглаж ажиллах хүчнээр хангах боломжтой


Монгол цагаан идээг 

- тосны төрлийн идээ
- эсэг идээ
- уургийн төрлийн идээ гэж хувааж болно.

Нутаг нутагт шар тос гаргах арга өөр 

Баруун, баруун-өмнө, өмнө зүгийн аймгуудад малын сүү, айргийг бүлэх аргаар тосыг ялгадаг. Модон хөнөг, торх, хөхүүрт үхэр, ингэ, бог малын сүүг сүүн хүчлийн бактер, сүүний дрожжоос бүрдсэн хөрөнгөөр исгэж тодорхой температурт бүлнэ. Үүнд, ингэний айргаас тос цохиход 65-70, үхрийн айраг 38-40, бог малын айраг 30 градусаас дээшгүй температурт тохиромжтой байдаг.

Төвийн болон зүүн аймгуудад өрөм хайлж тос гаргадаг заншилтай. Үүний тул тусгай саванд өрөм хураана. Ийнхүү удаан хугацаанд хураасан өрөм (зөөхий ч гэж нэрлэдэг) -ийн дотор сүүн хүчлийн, пропион хүчлийн зэрэг исэлт явагдаж сүүний чихэр, уургийн зарим хэсэг задарна. Энэ урвалын үр дүнд бий болсон бодисууд монгол шар тосны маш өвөрмөц үнэр амтыг бий болгоно. Шар тос ялгахдаа зөөхийг тогоонд хийж гал дээр тавин хайлуулах бөгөөд шар тосыг түргэн ялгаруулах зорилгоор бага зэрэг гурил хийдэг. Тосны гарцыг нэмэгдүүлэхийн тулд зөөхийг урьдчилан хүйтэн усанд базаж хайлуулна.

Хөвсгөл аймгийн зарим нутагт хураасан өрмийг хүйтэн усанд хийж сайн нухаад цагаагий нь ялгаж тос гаргана. Ийм тос амт чанараар цөцгийн тостой ойролцоо байдаг. Монгол шар тосонд чийг 1 хувиас илүүгүй, тослог 98 хувиас багагүй, бусад төрлийн хуурай бодис 1 хувиас ихгүй, гадны гажиг үнэр амтгүй байна. Ялангуяа хуршмал, гашуун, хөгцний ба исгэлэн амт үнэр байж үл болно. 10-12 градусын температурт консистенц нь жигд, нягт, огтлоход гялгар хуурай байвал зохино. Харин үрэл хэлбэртэй үйрмэг байж болохгүй. Өнгө нь жигд хув шар, хайлуулсан үед тунгалаг, ямар нэг тунадасгүй байх ёстой юм.

Эх сурвалж:  Сүү, сүүн бүтээгдэхүүн. Дээд сургуулийн оюутнуудад зориулсан сурах бичиг. Р. Индра. БНМАУ-ын Ардын боловсролын яамны хэвлэл, Улаанбаатар хот, 1983 он

Үргэлжлүүлэн унших


Comments