Манай мөнгөн орлого, мөнгөний талаарх бидний бодол

эх сурвалж: https://www.mongolbank.mn/listbanknote.aspx


Мөнгөн орлого

2020-2021 онд гэргий бид хоёр дараах төрлүүдээр мөнгөн орлоготой байна:
- сүү, цагаан идээ борлуулах
- мал төллөх ажил 1 сар туслаж ажилласаны урамшуулал
- оёдлын ажил
- МУ-ын ЗГ-аас хүүхдэд зориулсан мөнгө
- Herbalife Nutrition компаниас чек болон бөөний худалдааны орлого
- Traveling Spoon компаниас Монгол хоолны онлайн сургалтын төлбөр
- уралдаанд оролцож шагнал, урамшуулал


2021 оны эхээр, өвөл хаврын улиралд үнээний бүхэл сүү олж авч гэр бүлийн хүнсний хэрэглээг хангахаас гадна найз гэр бүлүүддээ сүү захиалгаар хүргэж өгөх ажилд анхаарлаа хандуулсан.
Харин 2021 оны зун, намрын улиралд мөн Ар гүнтийн малчин найз гэр бүлээс сүү авч, гэрийнхээ өвөл, хаврын цагаан идээг бэлтгэхээс гадна Өвөр гүнтийн зусландаа гарч байгаа айлуудад тараг, өрөм, сүү хүргэж ажилласан.

2021 оны 3-4-р сард Хэнтий аймгийн Дархан суманд хаваржиж байгаа отрын малчин айлын төл хүлээн авах ажилд туслаж ажиллаж, 500000 төгрөг урамшуулал авсан. 9 сарын 15-ны үед үлдсэн 500000 төг-ийг нэмж авна.

АНУ-аас захиалсан УЛУС тоглоомын даавуун 400 хөлөг оёж 3 сая төгрөг, СӨБШ ТББ-аас захиалсан Даавуун хавтасны эсгүүр, оёдлын ажлыг оёдолчин найз нөхөдтэйгээ хамтран гүйцэтгэж байна.

Хүүхдэд өгч байгаа сар бүрийн 100000 төгрөгийг хүүхдүүдийнхээ Ирээдүйн саятан хадгаламж руу автоматаар хийлгэж байдаг. e-halamj.mn вэбд бүртгэл үүсгэж, хүүхдийнхээ мөнгийг хүлээж авах банкны дансыг өөрчилж болдог юм байна.

Herbalife Nutrition компаниас чек урамшууллаар 343.04 долларыг хүлээн авчээ. Энэ мөнгө нь биднийг зөв хооллолтын хувийн зөвлөхөөрөө сонгож бие даасан гишүүний гэрээ байгуулсанаар эрүүл амьдралын хэв маягийн хичээл сургалт, биеийн бүтцийн хэмжилт зөвлөгөө авдаг Бие даасан гишүүд нь худалдааны төвөөс бүтээгдэхүүн, хоолоо худалдаж авсанаас сар бүр урамшуулал бодогдож олгогддог ба зөвлөхийн үйлчилгээ, харилцаа холбооны зардалдаа зарцуулагддаг.
Гадаадаас мөнгө хүлээн авдаг хувийн туршлагаасаа бичсэн нийтлэл-дээ өмнөх жилүүдэд бид гадаадын ямар ажил үйлчилгээтэй хамтран ажилладагаа танилцуулсан.



Мөнгөн бус орлогын талаар
Энэ талаар бодож, чаддаг зүйлээ бусдад танилцуулж, тэдний чаддаг зүйлээр солилцоо хийхэд анхаарч амьдардаг. 
- Бүтээлч өдрийн аялал зохион байгуулах


Мөнгөний талаар
    Хүүхэд насандаа хурдан том болж, их дээд сургуульд сурч мэргэжилтэй болоод, тэр мэргэжлээрээ ажил хийж цалин аваад мөнгөтэй болно, мөнгөөрөө дуртай юмаа худалдаж авдаг болно гэж ойлгож түүнийхээ төлөө л амьдарч байсан.

Гэхдээ 
- эрдэм билиг эрхэм баян, үр хүүхэд удаах баян адуу мал адаг баян,
- эдээр биеэр чимэхээр эрдмээр биеэ чим  (зүйр цэцэн үг, эх сурвалж https://mongoltoli.mn/) гэж ээж минь сургаж хэлдэг байсан,
Мөчид хоосны хэмжээ нь Өнгө, мөнгө, зэрэглээ гурав
Үйл бүхнээс эрхэм нь Бодох, туурвих, дэмжих гурав  хэмээн Говийн ноён хутагт Д.Данзанравжаа анхааруулж сургасан зэргийг санаж, анхаарч өссөн.

    Бид аль болох бага мөнгөөр, өөрсдийн ажил бүтээлээр амьдрахыг зорьдог болсон. Жишээлбэл,
- хүнсээ дэлгүүрээс худалдан авахаас илүүтэйгээр өөрсдөө бэлтгэх, 
- худалдаж авч байгаа хүнсээ илүү шимтэйг сонгох
- хувцас худалдаж авахгүйгээр аль болох ах дүүсийн хувцасыг үргэлжлүүлэн өмсөх
- зардал тогтмол гардаг машинтай байхаас илүү нийтийн тээвэр, ах дүүс, танил нөхдийн машины зардлыг илүү үр ашигтай байлгах, унадаг дугуйгаа унах
- хүүхдүүдийн хичээл сургуульд шаардлагатай мөнгийг шууд гаргахаас илүү багштай нь утсаар ярилцаж шийдэх, саналаа ярилцах, аль болох хүүхдээ мөнгөнд оролцуулахгүй байх

Ингэж амьдрах нь их цалинтай ажилд орно гэхгүй, мөнгөний хэмнэлт болохоос гадна байгалийн нөөцийг хамгаалах, ирээдүй хойчдоо аз жаргал, амьдрал өгдөг байгаль эхийг уламжлуулан үлдээх зорилготой. Өнөөдөр ихэнх мөнгө газрын баялгыг ухаж гаргаж, түүнийг боловсруулж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардалд зарцуулагддаг гэж ойлгодог, иймд мөнгийг чухалчлах бус байгальд ээлтэй, тогтвортой, эрүүл амьдралын хэв маягт тэмүүлж амьдралаа бүтээхийг зорьсоор байна бид.

Бидний энэ блогийн ТӨСӨВЧ цэс руу орж
- 2007-2015 онд өрхийн төсвөө тогтмол хөтөлж, бүртгэл мэдээллээс товчлон танилцуулж байсан болон бусад нийтлэл,
- худалдан авсан зүйл маань хэсэгхэн хугацааны дараа хог хаягдал болчихдог байхыг бид дэмждэггүй тул Ухаалаг худалдан авалтын талаарх нийтлэлийг олж уншаад, санаа бодлоо бидэнтэй хуваалцаж ярилцах боломжтой.

Comments