Оюуны тоглоомын ЯрууС үйлчилгээ 2006, 2020 онд



Wayback machine-ийн тусламжтайгаар
2006 онд санаачлан хийж байсан ажлаа хуулбарлан авчирч блогтоо нийтэллээ.

Монголчууд “Хүүхдээ танья гэвэл тоглоомыг нь хар” гэж эрт цагаас сургамжилсан байдаг .

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа гэдэг ардын сургаал үг,

хүүхдийг хүмүүнжүүлэх талаар судлаач эрдэмтэдийн зөвлөмж, анхааруулгаас харахад тоглоом нь хүн болж төлөвших суурь дасгал байсаныг эргэн тунгааж байна, ийм ч учраас

Монгол тоглоомуудаа насанд хүрсэн хүн бүр яг өөрөө тоглож үзэх, тоглоомын цаадах мөн чанарыг ойлгох, улмаар хүүхэд, залуусыг үлгэрлэн дагуулахад дэмжихээр 
- "9 даваа хөлөгт тоглоомын богц"-ийг бүтээж, танилцуулах ажил өрнөсөөр байна.

Түүх сөхвөл




Хотын төв номын санд компьютерийн мэргэжилтэнээр ажиллаж байхдаа, 2005 оны 8-р сард АНУ-ын номын сангуудтай танилцаж ирээд, тэнд номын санд нь шалан дээр шатрын хөлөг зурчихсан, том шатар байсаныг сэтгэл хөдлөн харсанаа бодож явсаар, Яруу сэтгэгч сонины хамт олонтай хамтран ОЮУНЫ ТОГЛООМЫН ҮЙЛЧИЛГЭЭг бий болгож, 2006-9-19 өдрөөс үйлчилгээг дараах
байдлаар эхлүүлж байсан.

Эрхэм та номоо уншихаас гадна, зарим үед уншихаа түр завсарлан биеийн чилээгээ гаргаж, оюуны алжаалаа тайлангаа доор байгаа тоглоомуудаас сонгон авч тоглож, заалгаж болно.





Үйлчилгээний журам
1. Доорх тоглоомуудаас тоглохыг хүссэн гурван (1-3) тоглоомоо сонгох.
2. Лавлагааны ажилтанд хандан номын сангийн бүртгэлийн дугаараа хэлж (уншигч биш бол иргэний бичиг баримтаа үлдээж), 100 төгрөг тушаасны дараа таны сонгосон тоглоомуудыг авч өгнө.
3. Уг тоглоомуудаараа тусгайлан тавьсан ширээн дээр тоглох ёстой бөгөөд тоглоомыг уншлагын заалруу авч орж уншлага-үйлчилгээнд саад болохыг хориглоно.
4. Та гурван ширхэг тоглоомоороо тоглож дуусаад өөр бусад тоглоомоор тоглохыг хүсвэл, авсан тоглоомуудаа буцаан өгч дахин 100 төгрөг тушаагаад дараагийн гурван (1-3) тоглоомоо авах боломжтой болно.
5. Та авсан тоглоомоо лавлагааны ажилтанг явахаас өмнө буцаан өгөх үүрэгтэй.
6. Авсан тоглоомуудынхаа оньс /учир/-ыг олж чадахгүй (заалгахыг хүссэн) тохиолдолд 100 төгрөг төлж заалгаж болно. Гэхдээ та аль болохоор өөрөө бие даан оролдож оньсыг нь олохыг хичээгээрэй.
7. Та өөрийн буруугаас болж авсан тоглоомоо хаяж гээх, зарим хэсгийг нь үрэгдүүлэх, эвдэлсэн, гэмтээсэн тохиолдолд тоглоомын үнийг 100% төлнө.
8. Та тоглоомуудаар тоглохоос гадна үнэхээр сонирхолтой санагдсан тоглоомоо доорх үнийг төлж худалдан авч болно.

Та тоглож байна. Бас хөгжиж байна.






Энэ үйлчилгээний өмнө 2006 оны 8 сарын 16 өдрөөс эхлэн Хотын төв номын сан дээрээ
ОЮУН ЦЭНГЭЭХ ТОГЛООМын танилцуулга, худалдааг 6 төрлийн 14 нэрийн тоглоомоор явуулж эхэлсэн байдаг. Даавуун дээр оёсон хөлөгт тоглоом, яс, төмөр утсаар хийсэн тоглоомууд 500-1500 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байжээ.

Худалдаан дээр ирж, тоглоомуудаас тоглож үзэх, тоглоомыг заалгах нь төлбөргүй.
Лавлах утас: 99861326


Мөн интернэт хэрэглэгч Монголчууддаа зориулж  Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн вэбдээ, дээр харагдаж байгаа вэб хуудсыг бүтээн,
дараах тоглоомуудын тайлбар, тоглох аргачлалыг эх сурвалжуудаас хуулбарлан оруулж, 2006 оны 5 сарын 15 өдөр эхлүүлж, нийтэлсэн байдаг.

Эх сурвалж
1. Н.Намжилдорж. Монголын (хөлөгт) тоглоом (тэргүүн дэвтэр). УБ. 1963 он
2. Н.Намжилдорж. Монголын (хөлөгт) тоглоом (дэд дэвтэр). УБ. 1966 он
3. Ардын эрх сонин 1990 он.

Монгол тоглоомын судлаачид
- Н.Намжилдорж
- З.Түмэнөлзий
- Ж.Дэмбэрэл

Монгол ардын тоглоом


Ардын хөлөгт тоглоом бол
Арга бодлын гимнастик мөн
    Хөгжөөнт боловсон тоглоом бол
     Хүүхэд гэр бүлийн баясгалан мөн
Авъяас хөгжүүлэх тоглоом бол
Арга билгийн түлхүүр мөн
    Сэтгэхүйг сэлбэх тоглоом бол
    Сэргэлэн ухааны ундрал мөн
Н.Намжилдорж. 1966 он


Тоглоомын ач холбогдол

“Тоглоом наадам гэдэг нь үндэсний соёл иргэншил, улс орны хөгжилд хүчтэй нөлөөлж чадахуйц философи, математик, техник сэтгэлгээг тусгасан бүх насны хүмүүсийн өдөр тутмын нэн зайлшгүй хэрэгцээ болсон сургалт хүмүүжлийн хэрэглүүр байдаг.
Улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь, хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинжиж тодорхойлдог бөгөөд энэ нь өөрийг чинь, улмаар эх орныг тань хөгжүүлэх гол хэрэгсэл тоглоом наадам гэдгийг танд маш энгийн ойлгомжтойгоор сануулж байгаа хэрэг”.
“Оюун ухааны олон улсын музей”-н захирал Ө.Түмэн-Өлзий

“Тоглоом бол хүнд их баяр цэнгэлийг төрүүлнэ. Энэ баяр цэнгэл нь гоо зүйн, ажил бүтээлийн, ялж дийлсний гэж байдгаараа ажлын амжилттай их төсөөтэй юм. Тоглоомд:
А) Хүн тоглохдоо түүндээ бүх анхаарлаа хандуулж зохион бүтээх, зохиосон зүйлээ янз бүрээр өөрчлөх сайжруулах явдлыг хослохыг,
Б) Нэг зорилтыг биелүүлж байж нөгөөд шилжихийг,
В) Тоглоом бүрд, ирээдүйд хэрэг болох бүхнийг сонгож чаддаг, наадгайгаа хайрлаж хамгаалж чаддаг болохыг шаарддаг байсан нь практик ач холбогдолтой хэвээр байна.”
А.С.Макаренко

Тоглоом нь орчин тойрныг танин мэдэх арга, юмсын шинж чанар, хэлбэр дүрс, өнгө зүсийг судалж, тоо, орон зайн ойлголт, ургамал, амьтныг танин мэдэж болдог.
Ардын тоглоом нь өөрийн цэцэн мэргэн хүмүүжүүлэх нөлөөтэйгээс гадна танин мэдэхүйн их ач холбогдолтой ажээ. Ахмад үеэс уламжлан ирсэн ардын тоглоомуудаас хүүхдүүд нь өөрийн сайхан эх нутгийн тухай, ард түмний зан заншил, ёс суртахууны болон ахуй амьдрал, хөдөлмөрийн тухай ойлголтыг олж авдаг байна.

Монгол ардын тоглоом нь ард түмний аж амьдралын байдлыг тод томруун тусгадгаараа онцлогтой юм. Ард түмэн хойч үеэ сурган хүмүүжүүлэх, ухаалаг арга замыг нээж, олон сайхан сонирхолтой хөгжилтэй тоглоомыг зохиож, он удаан жилээр хөгжүүлэн баяжуулсан нь одоо хүртэл үнэ цэнээ алдаагүй, хүүхдийг хөгжүүлэх ба хүмүүжүүлэх арга зүй болон үлдсэн нь гайхамшиг билээ. Үүнд:

1. Үгэн тоглоом. Энэ нь ярилцах үг, өгүүлбэр зохиох, хурдан хэллэгээр амьсгал задлах, хуруу гараар тоглох, таалцах, цэц булаацалдах, нүдэлснийг олох зэрэг хэлбэртэй байна. Ийм тоглоомын тоонд “Чоно тарвагацах”, “Сүмбэр уул”, “Жинчин”, “Цагаан тэмээцэх”, “Хөх бух”, “Зэндмэнэ”, “Шар шувуу цайлах”, “Хул тоолох” зэрэг олон арван тоглоом байна.

2. Уран гараар барьж эвлүүлэх зохион бүтээх тоглоомын хэлбэрт: модоор оньслох, зангидах, тайлах (өвс, цахилдаг, сур, олсоор) утсаар урхидан тоглох тоглоом орно. Үүнд: Модон оньс, гархин цоож, утсаар: онгоц, худаг, үхрийн нүд, гэрийн хаалга, тооно, шувууны хөл, цахилдгаар: гудас, олбог зангидах, гарын хуруугаар сүмбэр уул босгох зэрэг олон төрлөөр тоглодог.

3. Хөлөгт тоглоомын хэлбэрт: хөлөг дээр шагайгаар тоглох тоглоом “Алаг мэлхий”, “Морь уралдах”, “Үүчүүр”, “Буга”, ”Чүү чамай”, “Тугал”, “Дөрвөн бэрх” зэрэг олон тоглоом багтана.

4. Хөдөлгөөнт тоглоомын хэлбэрт: “Цүү хаях”, “Нуугдах”, “Чоно тарвагацах”, “Жанч чулуу цохих”, “Зах цохих”, ”Морь уралдах”, “Бөх барилдах”, “Сур харвах” зэрэг авхаалж самбаа биеийн хөдөлгөөн, эр чадал сорих тоглоом багтана.

Хамгийн олон оньсон тоглоом зохиосон ард түмний нэг
“Хүнийг таних гэвэл нөхрийг нь хар, хүүхдийг таних гэвэл тоглоомыг нь үз” гэсэн мэргэн үг бий. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюун ухааныг саруул уужим болгон хүмүүжүүлэх ардын тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Дэлхийн нэрд гарсан Рубикийн шооноос давуу олон арван оньсон тоглоом Монголд байдгийг бид өөрсдөө ч мэдэхгүй бусдад алдаж байна. Гэтэл Монгол ардыг тоглоом наадмын санд 15 анги бүлгийн 800 гаруй тоглоом байдаг ажээ. Зөвхөн хөлөгт тоглоом гэхэд 130 гаруй нэр төрөл байна.

Оюун задлах оньсон тоглоомоор Монгол дэлхийд тэргүүн байранд орно. Үүнээс зөвхөн “Модон зангилаа” хэмээх цуврал оньсон тоглоомыг 24,48,120 мод эвлүүлэн зангиддаг нь Рубикийн шооноос илүү оюун ухаан шаардах юм. Түүнчлэн Шамбалын түлхүүр гэж нэрлэдэг 7-9 төмөр цагирагаар хийсэн 681 үйлдлээр орж гардаг тоглоомыг онцлон нэрлэж байна.

Аливаа залуус гэрлэх, эцэг эх болохоосоо өмнө Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогын талаар, Монгол өв уламжлал сургаалыг сонирхож шимтэн үзэх, судлах мэдэх үүрэгтэй юм байна гэдгийг 2018 онд Дэлхийн зөн ОУБ-аас зохион байгуулсан Хүүхэд хамгааллын сургалтанд суухдаа илүү ихээр ойлгож авсан.



Н.Намжилдорж. Монголын (хөлөгт) тоглоом (дэд дэвтэр). УБ. 1966 он

Энэ номын зохиогчийн үг

Хүүхэд багачуудаа авъяасыг арвижуулагч, билгийг бадруулагч, оюуныг ундруулагч, сэтгэлийг сэргээгч хөлөгт тоглоомоор өргөн тоглуулцгаая.

Хүүхдийн наадах тоглох явдал бол тэдний төрөлхийн аюъяас чанар мөн. Хүүхдийн төрөлхийн сайхан авъяас чанарыг боловсон тоглоомоор хөгжүүлэн хөтөлж, бахдалт сурлага, баясгалант хөдөлмөрийн талбар өөд тэднийг үргэлжид удирдах хэрэгтэй.

Тоглоом наадам бол улс нийгмийн соёл - эдийн засгийн хөгжилтийг дагаж боловсрон хөгжсөөр ирсэн бөгөөд цаашид улмаар боловсрон хөгжих жамтай.
Ардын тоглоом бол хүүхдийн эрүүл саруул, сэргэлэн цовоо, баяр баясгалантай хүмүүжих, сурах, боловсрох, хөдөлмөрлөх, боловсноор амрахад тусална.

Ялангуяа хүүхдийн хөлөгт тоглоомыг цэцэрлэгийн дунд, ахлах ангийн насны хүүхэд, бага сургуулийн сурагчдад эрэмбэ дараалалтай эзэмшүүлэхэд тоо гэх мэт бусад хичээлийн үр дүн сайжирна.

Хүүхэд тоглож байх үедээ байгаль нийгэмлэгтэй харьцах арга дадлага чадварыг олж хөдөлмөрийн дадлагатай болж сурч боловсорно.

Ардын тоглоом бол хүүхдийн наадах авъяасын дагууд удирдан хөтөлж, ажил, эрдэмд сургах жолоо мөн.

Боловсон тоглоом бол хүүхдийг зөвөөр хүмүүжүүлэх нэгэн чухал зэвсэг мөн.
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж манай монголын ард түмэн хүүхдээ балчир бага наснаас нь  эхлэн зөвөөр тоглуулан өсгөж, ажил хөдөлмөрт дасган сургаж, амьдрал тэмцэлд хатуужуулдаг билээ.

Хүүхдийн хамт олноороо тоглодог боловсон тоглоом бол хамт олон ахмад хүмүүсээ эрхэмлэн хүндэтгэдэг, тэсвэр тэвчээртэй даруу зантай, үнэнч шударга, ажилч хичээнгүй иргэн болж хүмүүжихэд их ач холбогдолтой.

Боловсон тоглоом бол улс гэрийн улмаар хөгжин мандах явдалтай холбоотой.
Манай хүүхэд эдүгээд ажил, эрдэмд шамдан боловсорч ирээдүйд улмаар бадран өрнөх асар өндөр соёл их хөгжлийг өөрсдийн чийрэг биесээр гардан байгуулах, хамгийн найдвартай гол хүчин мөн.

Эв хамтын ёсыг гардан байгуулах өнөөдрийн өсвөрийн үеийнхэнийгээ боловсон зөв хүмүүжүүлэх асах их зорилт, хайр халамжийг манай энхрий хайрт нам засаг хэзээ хэзээнээс илүү тавьж байна.

Миний бие өөрийн орны ард түмний тоглож байсан монгол үндэсний (хөлөгт) тоглоомыг орчин үеийн сэдвээр зохион нэмээд, хоёр дэвтэр болгон бичиж, багачууд залуучуудаасаа эхлэн өвгөд хөгшид хүртэл хөгжилдөн наадахад уг тоглоомын төрлийг олшруулж, тэдний оюун санаа сэтгэхүйг түргэн хөгжүүлэхэд зориулав.

Манай Монголын (хөлөгт) тоглоом бол жинхэнэ ард түмнийхээ аж байдал, ажил хөдөлмөр, амьдрал тэмцлийг тусгаснаараа өвөрмөц байдалтай, тоглох арга барил ихтэй, хүмүүжлийн болоод оюун билгийн талаар утга санаа учир холбогдолтой эрхэм нандин тоглоом юм.

Манай монголын ард түмний эрт дээр үеэс орчин үеийг хүртэл тоглож байсан олон төрлийн тоглоомыг тоглож болох байна.

Монгол үндэсний тоглоом олон зуун, мянган жилийн тэртээгээс эхлэн олон тооны улс орны ард түмэнд хүртэл дамжиж түгэн дэлгэрч байжээ.

Манай Монголын хөлөгт тоглоом бол тооны ухаан, тоглоомын онол, сурган хүмүүжүүлэх ухаан, түүх, угсаатны судлалын зэрэг шинжлэх ухаануудтай ихээхэн холбогдолтой зүйл юм.

Орчин үед манай монголын хөлөгт тоглоомыг улмаар манай найрамдалт хань нөхөд сонирхох, хөгжилдөн тоглох, эрдэмтэд судлах шинжлэх болж байна.

Учир иймд үнэхээр айл бүхэн хүүхдийн (хөлөгт) тоглоомын булантай, цэцэрлэг бүхэн хүүхдийн (хөлөгт) тоглоомын арвин сантай, бага дунд сургууль бүхэн (хөлөгт) тоглоомын том тэнхимтэй болох хийгээд,
олон нийтийн байгууллагууд хөлөгт тоглоомын клуб, дугуйлан ажиллуулах, хөлөгт тоглоомын уралдаан тэмцээнүүдийг явуулж байх зэрэгт миний бичсэн ном өчүүхэн ч гэсэн тус болох болоосой гэж үнэнч сэтгэлийн үүднээс хүснэ.

Хүүхэддээ тоглоом худалдаж авч өгөх бус
гэр бүлийн харилцааг дэмжсэн, гэр бүлдээ зориулсан тоглоомыг авах талаар бодож тунгааж байна.

Цаг минутаар өсдөг хүүхдэд бага балчир байхаас нь хуванцар, үнэр будагтай, үнэтэй, хямдхан янз бүрийн тоглоомыг Нарантуул захаас, Тоглоомын дэлгүүрээс худалдан аваад, энүүгээр тогло гэж өгөхийн оронд, аав ээж болсон бид өөрийн гараар тоглоомуудаа бүтээж, урлаж, хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглож байх нь маш чухал, хүмүүжил төлөвшлийн өндөр ач холбогдолтойг та анзаарсан байх.

Дараах нийтлэлүүдийг бичжээ:
2019 онд аяллын хөтөч, тайлбарлагч дадлагажуулах сургалтанд Монгол тоглоом - Шагайг ашиглах нь сэдвээр туршлага мэдлэгээ танилцуулсан


- Хөлөгт тоглоом төрөл
- Эвлүүлдэг тоглоом төрөл
- Цоож түлхүүр төрөл
- Оньсон наадгай төрөл
- Шагайн тоглоом төрөл
- 2020 онд шинэ бүтээлүүд

Хөлөгт тоглоом төрөл



1. Чүүчамай

Монголын үндэсний "Чүүчамай" тоглоом нь нэг хүн тоглодог тоглоом юм. Чүүчамайн буудал таван хошуу хэлбэртэй.

Чүүчамай тоглоомын хөлөг нь 10 буудалтай ба 9 хүүгээр тоглоно.

Чүүчамайн буудлыг элсэн дээр зураад, чүүчамайн арван нүдний ес дээр нь чулуу (эсвэл тусгай хөлөг бэлтгэн есөн шагай) тавьж, зураасны дагуу даамын хүүгийн адил бие биесийг идэлцсээр байтал хэн бодол ухаантай нь нэг шагай буюу чулууг үлдээж чаддаг.

Нэг шагайг чүү чамай гэж үлдээдэг байснаас чүүчамай гэдэг нэртэй болжээ.



Тэмээн таваг

Тэмээн таваг бол эртний монголчуудын буюу манай баялаг эрдэнэсийн сан болсон алтан говьд үүссэн тоглоом. Тэмээн тавагийн хөлөг нь тэмээний тавагтай төстэй бөгөөд нэг худагтай юм. Энэ бол 2 хүүхдийн тоглоом юм.

Тэмээн тавагийн хөлөг 5 буудалтай. Хоёр хүүхэд хоёр, хоёр хүүгээр тоглодог.

Хүүг шулуун ба муруйн зураасны дагууд нүүдэг.

Зураг дээр тэмээн тавагийг тоглоход бэлдэж хүүг өрсөн байдлыг үзүүлжээ. Тоглогчдын нэг нь 2 цагаан хүү, нөгөөдөх нь 2 хар хүү авна.

Цагаан хүү авсан хүн эхлэж нүүнэ. Хоёр тоглогч ээлжлэн нүүсээр байгаад нэгийгээ нүүдэлгүй болгон хожилцоно.



Дөрвөн бух

Дөрвөн бух гэдэг нь 2 хүний тоглоом. Дөрвөн бухын хөлөг 5 буудалтай.
Хоёр цагаан, хоёр хар бухыг урьдаар дөрвөн бухын хөлөгийн эсрэг өнцөг дээр хос хосоор өрнө. Хөлөг дээр бухаа өрөхдөө нэг хүүхдийн бухыг 1 ба 5-р буудалд, нөгөө хүүхдийн бухыг 2 ба 4-р буудалд өрнө.

Ээлжээр нүүнэ. Нүүхдээ шулууны дагуу зэргэлдээ буудалд бууна. Бух идэлцэх ёсгүй.

Тоглогчдын зорилт нь эсрэг тоглогчийн 2 бухыг нүүдэлгүй болгон өөрийн 2 бухаар хаана. Ингэж хаахдаа нэг бол 1 ба 2-р буудалд, эсвэл 4 ба 5-р буудалд хаана. өөр буудалд хаагдахгүй.

Дөрвөн бух бол манай хангай нутагт үүссэн тоглоом. Энэ тоглоомыг Завханд Сохор шаазгай, Архангайд Дөрвөн нохой, Төв аймгийн орчимд Далайхай хаах гэж нэрлэдэг явдал бий.

2 ба 5-р буудлын хооронд далай (ус) байгаа гэж тооцдог.



Эвэр бух

Эвэр бух буюу Бух туух тоглоом бол Монголын эртний тоглоом. Бух туух тоглоомын хөлөг бухын эвэр хэлбэртэй есөн буудалтай, хоёр хүний тоглоом.

Тоглогч хоёр хүний нэг нь 1 бух авч нөгөө нь 2 хүү авна.

Хоёр хүү нь 1 бухыг 1-р буудлаас туугаад хөлөгийн 9-р буудалд аваачиж хорихыг эрмэлзэнэ.
Бух нь туугдахыг аль болохоор эсэргүүцэж замаас буцахыг эрмэлзэнэ.

Бух, хүү хоёр зөвхөн зураасны дагууд нэг нэг буудлаар ахих буюу ухрах зэргээр нүүнэ.

Хүү эхэлж нүүнэ.




Зургаадай

Зургаадайг өвөрхангайхан их тоглодог. Энэ бол Монголын эртний тоглоом.

Зургаадайн хөлөг 7 буудалтай.

Зургаадайг тоглохдоо 2 хүн гурав гурван хүү авч хөлөг дээр ээлжлэн тавьдаг. Ээлжлэн тавиад байгаа байдлыг зурагт харууллаа.

Ингэж ээлжлэн тавьж гүйцсэний дараа ээлжээр нүүдэг.

Нүүдэлгүй болж хоригдсон тоглогч нь хожигдоно.



Олон санаа

Олон санаа гэдэг бол гурван хүний тоглоом. Олон санааны хөлөг нь чөдөр хэлбэртэй, 13 буудалтай байна. Чөдрийн баруун, зүүн хаа, сум бүхэнд тус бүр 3 буудалтай.

Тоглоход хэрэглэгдэх зүйл гэвэл хиймэл ачаатай тэмээ, хөлөг, гурван зоос эдгээр болно.

Чөдрийн зангилаа дээр буюу хөлгийн төвд байгаа ачааг нэгдэх хүн 1-р буудалд (гэртээ), хоёрдох хүн 2-р буудалд (гэртээ), гуравдах хүн 3-р буудалд (гэртээ) аваачих гэж тоглогч гурван хүн тэмцэлддэг.

Тоглох журам нь:
Гурван хүн ээлжээр гурван зоос орхино. Гурван зоосны хичнээн нь цагаанаар буувал өөрийн гэр тийш ачааг төчнөөн буудлаар ахиулна. Энэ мэтээр гурвуул тоглоно.

Гурван зоосны тоотой тал буувал нүүхгүй өнжинө.

Жишээлбэл: 1-р хүн гурван зоос орхиход 2 цагаан буусан гэвэл 13-р буудалд байсан тэмээг 7-р буудалд авчирна. 2-р хүн гурван зоос орхиход 3 цагаан буусан гэвэл 7-р буудалд байсан тэмээг 11-р буудалд авчирна. 3-р хүн гурван зоос орхиход 3 цагаан буусан гэвэл 11-р буудалд байсан тэмээг 9-р буудалд авчирна гэх мэтээр тоглоно.


Морь уралдах

Монголчуудын морь уралдах явдал олон мянган жилийн тэртээгээс эдүүгээ хүртэл үргэлжилсэн, үүнээс цаашид үргэлжлэх үндэсний уламжлалт сайхан заншлын нэг юм.

Морь уралдахдаа урьдаар хэдэн даваа (хамар, гүвээ) давуулан уралдахыг хэлэлцэж тогтооно. Тоглогчид нэг нэг морио морь тавих газар зэрэгцүүлэн зогсооно. Тоглогчид ээлжээр нэг нэг шагай орхидог. Морь буувал тэр хүн өөрийн хурдан морио анхны даваан дээр аваачиж тавьдаг. Харин морь буусны шан гэж тэр хүн ээлжгүй дараалан зөвхөн гурван удаа шагай орхидог. Цаашид шангийн шан гэж орхидоггүй. Энэ мэтээр цаашид тоглодог.

Морь уралдахдаа их төлөв гурван даваа, таван даваа, долоон даваа, есөн даваа давуулдаг байжээ.


Хурдан морь

Монголчуудын хурдан морь бол олон мянган жилийн түүхтэй. Хурдан морины хүүхдүүд морь уралдаж ирээд гэртээ тусгай хөлөг дээр шагайгаар морь уралдаж тоглодог.

Хурдан морь уралдахын тулд морь тавих газарт хурдан морь унасан хүүхдийн давхиж яваа дүрсүүдийг хийж зэрэгцүүлэн тавина.

Хурдан морь уралдахдаа хурдан морьтой хүүхэд бүхэн ээлжээр дөрвөн шагай орхидог юм. Хичнээн морь буувал төчнөөн буудлаар хурдан морио урагш ахиулна. Тэгсээр байтал морь барианы газарт хэн хэний морь түрүүлж дараалан очсоноор байр эзэлнэ.



Алаг мэлхий

Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм.

Яст мэлхийн эрхтэн

давсаг 1 шагай,
зүрх 1 шагай,
нүд 2 шагай,
чих 2 шагай,
бөөр 2 шагай,
толгой 3 шагай,
сүүл 3 шагай,
шилбэ 4 шагай (4 шилбэ),
сарвуу 5 шагай (4 тавхай),
нуруу 6 шагай (6 эгнээ),
хүзүү 6 шагай, нийт 92 шагай.

Алаг мэлхий тоглох журам

Алаг мэлхийг шагай өрж дүрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.

Хэрэв шоо хоёр нүхээрээ буувал тэр хүн 2 нүд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хүн шоог зургаа нүдээр нь буулгавал хүзүү нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.

Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дүрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхүү дууссан эрхтний шоо буувал шооны нүхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хүн авсан шагайгаасаа нөхөж тавина.

Хамгийн олон шагай авсан хүн нэгдүгээр суурийг эзлэн хожно.


Гэр

Гэрийн хөлөг монгол гэрийн хэлбэртэй бөгөөд 12 буудалтай. Хоёр хүүхэд дөрөв дөрвөн хүүгээр тоглоно.

Нүүхдээ зураасны дагуу хаашаа ч нүүж болно.

Идэхдээ дундах зурааснуудын дагууд (бусдын зэргэлдээ хүүг) зөвхөн давж иднэ.

Нэг идэш байвал нэг, хоёр идэш байвал хоёр иднэ.

Идэх идэш байсаар байтал идэхгүй байж болохгүй.


Дугуй

Дугуй бол нэг хүүхдийн хөлөгт тоглоом юм. Дугуй хөлөг нь монгол тэрэгний дугуйн (хүрдийн) хэлбэртэй бөгөөд 12 буудалтай. Энэхүү 12 буудалд тавих 12 хүү хэрэглэгдэнэ.

а. Анхны өргийн хүүг хоёр хоёр хүү алгасуулж тойруулан нүүлгээд хос хосоор нь болгож болно.
б. Анхны өргийн хүүг гурав гурван хүү алгасуулж тойруулан нүүлгээд гурав гурваар нь болгож болно.
в. Анхны өргийн хүүг дөрөв дөрвөн хүү алгасуулж тойруулан нүүлгээд дөрөв дөрвөөр нь болгож болно.
г. Анхны өргийн хүүг зургаа зургаан хүү алгасуулж тойруулан нүүлгээд зургаа зургаагаар нь болгож болно.

Энэ мэт маш олон янзаар тоглож болдог.

а. Анхны өргийн хүүг хоёр хоёр хүү алгасуулж тойруулан нүүлгээд хос хосоор нь болгож болно.
Энэ өрөг дээр 1-4, 5-8, 9-12-т нүүснийг үзүүлжээ. Энэ өрөг дээр 3-6, 7-10, 11-2-т нүүгээд хос хосоор нь болгожээ.

в. Анхны өргийн хүүг дөрөв дөрвөн хүү алгасуулж тойруулан нүүлгээд дөрөв дөрвөөр нь болгож болно.
 (1-6, 8-2, 5-10) (12-6,7-2,4-10) (11-6,9-2,3-10)-д нүүнэ.

г. Анхны өргийн хүүг зургаа зургаан хүү алгасуулж тойруулан нүүлгээд зургаа зургаагаар нь болгож болно.
 1-8, 7-2, 12-8, 6-2, 11-8, 5-2, 10-8, 4-2, 9-8, 3-2-д нүүнэ.


Өлзий
өлзий бол хоёр хүүхдийн тоглодог хөлөгт тоглоом юм. өлзийн хөлөг 23 буудалтай. өлзий тоглоход долоон цагаан хүү, долоон хар хүү хэрэгтэй.

өлзий тоглоход бэлтгэсэн өрөг

өлзийн хөлгийн нэгийн дөрөвдүгээр буудлыг <1>, хоёрын гуравдугаар буудлыг <2>, дөрвийн есдүгээр буудлыг <4> гэх мэтээр хураангуйлж тэмдэглэв.

өлзий тоглох журам гэвэл цагаан нь эхэлж нүүнэ. Нүүхдээ давшиж, ахих журмаар зураасны дагууд зэргэлдээ сул буудалд нүүж бууна.

Хэрэв өөрийн ба бусдын хүү нэг нэг сул буудал алгасаж байвал тэдгээрийг давж хаашаа ч нүүж болно.

өлзий тоглогчдын зорилт

а. тоглогчид тус тусдаа өөр өөрийн долоон хүүг нөгөөгийн хүүгийн анхны байранд урьтаж аваачих явдал
б. байраас хөдлөөгүй нөгөөгийн хүүг (тэнд нь нүүдэлгүй болгож хаавал) анхны байр эзэлсэн өөрийн хүүгийн тоонд оруулна.
в. аль ч тал нь эзлэх буудлаасаа өнгөрч нүүж болохгүй.

Дараах зурагт 1,4-3,6-5,4-3,2-т давж болно. Гэхдээ 3,8-5,6-3,4-5,2-т давах нь зөв юм.

Дараах зурагт цагаан нь харын хоёр хүүг анхны байранд нь хааж өөрийн болгоод дээд захын долоон буудлыг урьдаар эзэлж хожсоныг үзүүлжээ.

Дараах зурагт хар нь 1,6 буудлыг эзлэхээс өнгөрсөн (буцаж нүүхгүй) тул хожигдсоныг үзүүлжээ.

Хар нь түрүүлж 1,4-2,5-д нүүхэд цагаан нь өөр нүүх хүүгүй тул 1,6-3,4-д давахаас өөр аргагүй. Ингэж давахад хар нь 2,5-1,6-д нүүж долуул байраа эзлэн хожжээ.
Харин цагаан нь өнгөрч, байраа эзлэх нөхцөлгүй болно.



Энхжаргал
Энхжаргал бол хоёр хүүхдийн уралдаж тоглодог, монгол ардын хөлөгт тоглоом юм. Энхжаргалын хөлөг 24 буудалтай.

Энхжаргал тоглоход зургаан цагаан хурга, зургаан хөх ишиг хэрэглэгдэнэ.

Тоглоход бэлтгэсэн байдлыг зурагт харууллаа.

Тоглох журам гэвэл тоглогчдын аль нэг нь эхэлж нүүхийг шодож болно. үүнд: цагаан авсан нь эхэлж нүүнэ.

Нүүхдээ зураасны дагууд зэргэлдээ сул буудалд (давшиж) нүүнэ.

өөрийн болон бусдын хурга ишигний дээгүүр давж нүүх бололцоо байвал давж нүүхэд болно.

Тоглогчдын зорилт гэвэл тоглогчдын нэг нь дундах (доодох) зургаан цагааныг хөлгийн дээд хэсэг (зүүн тийш) дэхь зургаан сул буудалд нөгөөдөхөөсөө урьтаж аваачих, тоглогчдын нөгөөдөх нь дундах (дээрх) зургаан хөхийг хөлгийн доод хэсэг (баруун тийш) дэхь зургаан сул буудалд нөгөөдөхөөсөө урьтаж аваачихыг тоглогчид тус тусдаа чармайн эрмэлзэх явдал мөн. Ингээд аль урьтаж аваачсан нь хожно.


Буудал

Тоглох дүрэм: Буудал бол монголын эртний тоглоом юм.

Буудлын хөлөг 13 буудалтай.

2 хүн 6, 6 нохой барьж тоглодог.

Тоглож эхлэхдээ дундах 7-р буудлаас бусад буудалд халтар нохой, хар нохойнуудыг ээлжлэн тавина.

Ингэж тавьж гүйцээд дундахь 7-р буудалруу эхлээд нүүнэ.

Давж идэлцдэг бөгөөд аль хоосорсон нь хожигдоно. Хайнцах ч явдал байдаг.

Ач холбогдол: Логик сэтгэлгээг хөгжүүлэх

Yнэ: 600 төг (12 хүү + Хөлөг)


Тугал

Тоглох дүрэм: Тугал хариулах тоглоом бол монголын эртний тоглоомын нэг бөгөөд есөн буудалтай. 1,2,4,5,7,8-дугаар буудлыг тугалын билчээр гэнэ. 3,6,9-дүгээр буудлыг тугалын хороо гэнэ.
6 хасааны гурвыг тугал нөгөө гурвыг нь тугалчин гэнэ.
Нүүх явцдаа хоёр буудал дээр дараалж гурваас илүү холхин нүүж болохгүй.
Бусдын нүүдлийг бэлчээр дээр буюу 1,2,4,5,7,8-дугаар буудлын гурав дээр хааж болохгүй. Харин зам тавьж өгнө.
Тоглолтын зорилт нь гурван тугалыг тугалын хороонд хаах, эсвэл гурван тугалчин тугалын хороонд хаагдахад хожигдоно.
Ач холбогдол: Логик сэтгэлгээг хөгжүүлэх
Үнэ: 600 төг

Дээшээ эхэнд очих


Эвлүүлдэг тоглоом төрөл



Долоодой
Долоодой бол гурван тэг дөрвөлжин, хоёр гонзгой дөрвөлжин, хоёр шударгуу гурвалжнаас бүрдэнэ.
Долоодой эвлүүлэх тоглоом бол хүүхэд багачуудын оюун ухааныг нээгдүүлэхээс гадна хүүхдүүдэд эвлүүлэх уран чадварыг олгоно.
Түүнчлэн өөдөс хаягдлыг эвлүүлж юм хийж чаддаг болгох зэрэг аж амьдрал эдийн засгийн ба сурган хүмүүжүүлэх ихээхэн ач холбогдолтой тоглоом юм.

Тэг дөрвөлжин цаас буюу банз мэт нимгэн хавтгийг дээрхи байдалтай долоон хэсэг болгоно.

Долоодойгоор мянган дүрсийг ч эвлүүлж болох юм. Жишээ болгож доорх дүрсийг эвлүүлэв.
гэр

хүн

хултай айраг барьсан суугаа хүн


Шидэт дөрвөлжин
Шидэт дөрвөлжин нь 7 дүрснээс бүрдэх ба хүүхэд багачуудын оюун ухааныг нээгдүүлэхээс гадна хүүхдүүдэд эвлүүлэх уран чадварыг олгоно.

Ач холбогдол: Геометрын сэтгэлгээг хөгжүүлж, аливаа зүйлийг задлан шинжлэх, шинээр бүтээх чадварыг нэмэгдүүлнэ.

үнэ: 1000 төг (7 дүрс + 117 зураг)

Шидэт дөрвөлжингийн 7 дүрсийг оролцуулан дараах 23 хуудсанд байгаа 117 дүрсийг эвлүүлнэ.


Цэцэг
Цэцэг бол манай монгол хүүхэд багачуудын эвлүүлж тоглодог тоглоомуудын нэг мөн.

Цэцгийн эвлүүлэх тоглоомд хэрэглэгддэг найман дэлбээ, нэг суурь нь доорхи байдалтай хийгдэнэ.

Дэлбээ тус бүр хажуу тал ба суурьтаа тусгай нүднүүдтэй. Эдгээр нүднүүд нь 1, 2, 3, 4-ийн аль нэг байх болно.

Суурийн дугуй нь зөвхөн дөрвөн талдаа 1, 2, 3, 4 нүдтэй.

Цэцэг тоглох журам бол цэцгийн дугуй суурийг тойруулж найман дэлбээг эвлүүлнэ. Тэгж эвлүүлэхдээ нийлсэн хоёр дэлбээ бүхний нийлсэн хэсэг дэх тоо ижил байхаар эвлүүлнэ. Түүнээс гадна дугуй суурийн дөрвөн зах дахь нүднүүдийг харгалзсан дэлбээнүүдийн суурь дахь нүднүүдтэй ижил тоотой байхаар тохируулж эвлүүлэн тоглоно.


Эмэрги
Эмэрги бол манай монгол хүүхэд багачуудын эвлүүлж тоглодог тоглоомуудын нэг мөн.

Эмэрги тоглоход хэрэглэгдэх зүйл гэвэл зөвхөн долоон эмэрги болно. Эдгээр эмэргинүүд цөмөөрөө ижил хэмжээтэй, зөв зургаан талтай. Эмэрги бүхний зургаан тал дээр 1, 2, 3, 4, 5, 6 нүд буй.

Эмэрги тоглох журам гэвэл эдгээр долоон эмэргийн нэгийг тойруулж нөгөө зургаан эмэргийг эвлүүлэн тавина.

Ингэж эвлүүлэн тавихдаа зэргэлдээ эмэргинүүдийн нийлсэн хоёр тал бүхний дээрх нүднүүдийн тоо заавал ижил байхаар тохируулан эвлүүлж тоглоно.

Эмэргийг нилээд олон янзаар эвлүүлэн тоглож болно.


Энэтхэг бөмбөрцөг
Тоглох дүрэм: Уг тоглоомоор 50 орчим дүрс бүтээдэг бөгөөд дүрс бүртээ нэр өгөх ёстой.
Ач холбогдол: Хүүхдийн үгийн баялаг нэмэгдэнэ. Олон дүрс бүтээснээрээ хүүхэд нэг зүйлийг олон талаас нь сэтгэдэг болж орон зайн IQ нь хөгжинө.

Санамж: Уг тоглоомоор дүрс бүтээхийн өмнө цагирагуудын холбогчыг заавал голлуулах ёстой бөгөөд голлуулахгүй бол дүрс бүтээхэд гацаа үүсгэж тоглоом эвдрэх болно. Тоглоомоор тодорхой хэмжээний дүрс бүтээсний дараа, тоглоомын цагирагууд хэвээ алдаж сулрах бөгөөд тухай бүрд нь цагирагуудыг тэгшлэж, чангалаж байх ёстойг анхаарна уу.

үнэ: 600 төг

Дээшээ эхэнд очих


Цоож түлхүүр төрөл


Монголчуудын оюуны бүтээл - Mongolia intellectual game
1. Харваа цагирагт тоглоом

Тоглоом дөрвөн хэсгээс бүрдэнэ. Тоглоомын доод талын том гогцоогоор нумыг, дунд байгаа хоёр үзүүртээ цагирагтай шулуун төмөр, жижиг гогцоо хоёроор нумын хөвчийг, дээд талын нарийн гархиар сумыг төлөөлүүлнэ.
Сумыг нум, хөвчнөөс бүрэн суллаж гаргаад эргүүлээд анхны байрлалд оруулж тоглоно.

Тоглох явцад муруйлгаж, нугалж болохгүй. Та үйлдлийг дарааллын дагуу зөв хийвэл гогцоо суларна.

Харваа тоглоомыг 2-3 мм-ийн төмөр утсаар хийж, уулзваруудыг нь гагнаж битүүлнэ.

Ж.Дэмбэрэл
Ардын эрх сонин. 1990 он

Доорхи 1-3 дарааллын дагуу Сумыг чөлөөлөх ба 3-1 дарааллын дагуу Сумыг оруулна.

(1. Сумыг нум болон хөвчны цагирагаар сүвлэж, сумны үзүүрийн хоорондуур шулуун төмөрний цагирагыг оруулан, сумаа татаж авна.

2. Сумны дундуур хөвчний цагирагыг оруулж, хөвчнөөс сумыг чөлөөнө.

3. Нумын цагираг дундуур Сумыг сүлбэж, шулуун төмөрний цагирагыг сумны засвраар оруулж, сумаа татаж авахад Сум бүрэн чөлөөлөгдөнө. )




1. Хөхүүр тоглоом

Энэ тоглоом гурван хэсгээс бүрдэх бөгөөд доод талын том гогцоогоор хөхүүрийг, дунд гогцоогоор хөхүүрийн оосрыг, дээд талын гогцоогоор айргийн утгуур (ховоо)-ыг тус тус дүрсэлжээ.

Айргийн утгуурыг оосор, хөхүүрээс бүрэн суллан авах, анхны байрлалд нь буцааж оруулахад энэ тоглоомын зорилго оршино.

Тоглох явцад мушгих, гөжих, нугалах зэргээр хүч хэрэглэж болохгүй.

Yйлдлийг дарааллаар нь зөв хийвэл гогцоо (утгуур) сул чөлөөтэй гүйж суллагдана.

Энэ тоглоомыг 2-3 мм-ийн төмөр утсаар хийж, уулзваруудыг нь гагнаж битүүлнэ.

Гаргах гогцоо (айргийн утгуур) нь хөхүүрийн оосрыг дүрсэлсэн гогцооны хоёр цагирагны дотуур чөлөөтэй ордог, гаргах гогцооны жижиг цагираг нь хөхүүрийн дотогш доош нугарсан нарийн гогцооны гадуур чөлөөтэй ордог байхаар үйлдэнэ.


Зохиогч: Залуу техникчийн ордны багш Ж.Дэмбэрэл
Ардын эрх сонин. 1990 он




Зүрх

Зүрхийг хоёр гогцооноос гурван үйлдлээр суллаж гаргаад эргүүлээд анхны байрлалд оруулж тоглох ёстой. Тоглох явцад муруйлгаж, нугалж болохгүй.




Цагираг

Дунд байгаа цагирагыг чөлөөлж гаргаад эргүүлээд анхны байрлалд оруулж тоглох ёстой.
Тоглох явцад муруйлгаж, нугалж болохгүй.



Цэцэн бэр

Тоглох дүрэм: Хоёр шагайг нэг гогцоонд оруулж, уулзуулах.

Тайлбар: Энэ тоглоомоор Монголчууд, шинэ бэрийнхээ ухааныг сорьдог байжээ.

үнэ: 800 төг


Шамбалын түлхүүр буюу Есөн түлхүүр

Тоглох дүрэм: Түлхүүрийг цоожноос салгах.

Ач холбогдол: Уг тоглоом нь нэг үйлдлийг олон давтан хийлгэж хүүхдийг анхаарал, тэвчээртэй болгодог.

Yнэ: 1500 төг

Дээшээ эхэнд очих


Оньсон наадгай төрөл



1. Зад

Энэ наадгай доорхи 10 хэсгээс бүрдэнэ. Эдгээрийг мод, хуванцараар хийж болно. Та эдгээрийг ямар дарааллаар угсрахыг тайлбарлан бичиж, эсвэл зурж хариу ирүүлнэ үү.


1. Хангал борх

Фанер, наамал, хуванцар, материалаар хийвэл тохиромжтой. 6ш модтой. Хоногийн хэмжээ нь модны зузаантай харьцангуй байна.


Тухайлбал, модны зузаан нь 10мм гэвэл, богино 5 ш модны урт 50мм, өргөн нь 30мм, хоногийн (нүхний) урт 30мм, өргөн 10мм, урт 1ш модны хэмжээ нь 90мм, өргөн 30мм хоёр хоног нь богино модныхтой адил байна.

Хоёр өөр арга үйлдлээр угсарч болно. Зорилго нь битүү хоногтой 4-р модыг 1-р модны дунд хийж бусад модыг хоёр талаас нь угсарч шахна.

Залуучуудын шинжлэх ухаан техникийн бүтээлийн төвийн ахлах ажилтан
З.Түмэн-өлзий




3. Хархорум оньсон тоглоом

Яст мэлхийн толгой бүхий "Хархорум" загвар нь зургаан ширхэг модноос бүрдэх бөгөөд дугаар бүхий моднуудын байрлалыг өөрчлөн хоёр өөр янзаар угсарч наадна.

Угсрах 1-р арга: нэгдүгээр модны том хоногт хоёрдугаар модыг хөндлөн байрлуулж, 3-р модыг 2-р мод дээр хөндлөн байрлуулан барьж, 4,5-р модыг босоогоор нь 2-р модны завсраар оруулан, 6-р модыг 1-р модныхоо нарийн хоногт оруулж, 3-р модыг урагш түлхэн, 6-р модыг буцааж оньсолно.

З.Түмэн-өлзий


Дээшээ эхэнд очих

Шагайн тоглоом төрөл


Оюуны тоглоом - Intellectual game

1. Шагайн цуваа буюу Зуутах

Шагайн цуваа бол Буриад үндэсний тоглоом юм. Шагай цуваа тоглоход дөрвөн морин шагай хэрэглэдэг. Шагайн цувааг хэдэн ч хүн тоглож болдог.
Шагай орхиход шагай дөрвөн талаараа буудаг. Шагайн буудаг дөрвөн талыг буриадаар морь, бөх, хонх, алса гэх буюу эсвэл морь, тэмээ, ямаа, үхэр гэж нэрлэдэг.
Тоо авах, алдах журам
4 морь буувал 40 тоо
3 морь буувал 30 тоо
2 морь буувал 20 тоо
1 морь буувал 10 тоо
4 ижил буувал 4 тоо
3 ижил буувал 3 тоо
2 ижил буувал 2 тоо
4 бэрх буувал 1 тоо авна. Үүнд, дөрвөн бэрх буулгасан хүн нь 1 тоогоо авч, бусад тоглогчид нь ор тоогүй болно.
Тоглогчдын аль нэгний тоо нь 81 болчихвол энэ нь арилж оргүй болно. Харин бусад тоглогчид нь нэг нэг тоо авч ахина.
Тоглогчдын аль нэгний тоо нь нэмэгдсээр байгаад 99 болчихвол нүхэнд унана. Нүхэнд унасан хүн нүхнээс гарахдаа:
1. Өөрийн дөрвөн бэрх буувал нэг гарна
2. Нөгөө тоглогчдын аль нэгэн нь наян нэгтвэл нүхээс гарна. Нэгэнт нүхэнд унасан хүн энэ хоёроос өөр тохиолоор нүхнээс нүхнээс гарахгүй.
Тоглогчдын аль нэгний тоо нь 100 болчихвол тэр хожно. Хэрэв тоо нь 100-аас хэтэрчихвэл хожихгүй, харин тоо нь хэвээрээ үлдэнэ. Заавал 100-ийн тоог тааруулж байж хожлыг авдаг юм.

Тоглох журам
Тоглож эхлэхдээ урьдаар хэн шагай орхихыгоо шодно. Шодохдоо тоглогчдын аль нэг нь дөрвөн шагай орхиход буусан тоог саяны шагай орхисон хүнээс эхэлж тоглогчдыг нар зөв тойруулан тоолоход аль хүнд тохирвол тэр хүн нь энэ нэгэн тоглоомыг эхэлж шагай орхидог.
Эсвэл хамгийн ахмад настай нь эхэлж шагай орхидог юм.
Ингээд тоглогчид цаашид нар зөв тойруулан шагай орхин тус тусын тоогоо ахиулж бусдаасаа түрүүлэн зуутахыг эрмэлзэж тоглодог юм.
Тэгэхдээ бас арай гэж олсон ахиж нэмэгдэж байгаа тоогоо арилгахгүй, бусдад арилгуулчихгүй, нүхэнд унахгүйг хичээж бусдын тоог арилгахыг эрмэлзэнэ.
Үүнд булхай (заль мэх)-гүй үнэнч шударгаар тоглохын тулд зориуд зассан шагайг үүдэн хойморын дайтай газарт хаян орхиж тоглодог ч байсан байна.

(Бас заримдаа нэгэн есийн ес, хоёр есийн арван найм, гурван есийн хорин долоо, дөрвөн есийн гучин зургаа гэх мэт 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 тоонуудтай тоглогчдын аль нэгний нь олсон тоо нь тохирчихвол бас тэрхүү нэг тоглогчийн тоо арилж алга болдог ёс буй)

Нэгдүгээр жишээ.
Хэрэв дөрвөн шагай орхиход хоёр морь, хоёр хонь буусан гэж бодвол

Хоёр морь буусны 20 тоо, хоёр ижил морь буусны 2 тоо, хоёр ижил хонь буусны 2 тоо бүгд 24 тоо болно.

Хоёрдугаар жишээ.
Хэрэв дөрвөн шагай орхиход дөрвөн бэрх буусан гэж бодвол шагай орхисон хүн нэг морины 10 тоо, дөрвөн бэрх буусны 1 тоо бүгд 11 тоогоор ахина. Харин бусад тоглогчидын тоо хэд ч байсан арилж алга болно. Ерөн есийн нүхэнд унасан хүн ч нүхнээс гарч тоогүй болно.

Шагайн цуваа
Шагайн цуваа тоо гэж нэг сонин цуваа буй.
Шагайн цуваа тоо нь 4; 10; 20; 35; 56; 84; 120; 165; 220; 286; 364; 455; ... ((m+2)^3 - (m-2))/6 энэ мэтээр байдаг болно.
Нэг шагайг орхиход морь, бөх, хонх, алса ийм дөрвөн янзаар бууна.
Хоёр шагайг орхиход
морь, морь
бөх, бөх
хонх, хонх
алса, алса
морь, бөх
морь, хонх
морь, алса
бөх, хонх
бөх, алса
хонх, алса
ийм арван янзаар буудаг.


2. ДӨРВӨН БЭРХ

Монголын эртний тоглоомуудын нэг нь Дөрвөн бэрх хэмээх шагайн тоглоом юм. Аз жаргалаа бэлгэдэн тоглодог энэ тоглоомоор хэдэн ч хүн тоглож болно.

Дөрвөн шагайг орхиход дөрвөн өөр дүрс буюу Морь, Тэмээ, Ямаа, Хонь буухыг дөрвөн бэрх гэнэ.

Олон хүн тогловол нар зөв тойрч ээлжлэн орхих бөгөөд
- дөрвөн бэрх эсвэл
- гурван морь нэг хонь буувал тухайн тоглогч тоглоомоо эхлэх эрхтэй болж, зуу хүртэл оноо нэмж авсаар хэн түрүүлж зуун оноо авсан нь хождог.

Оноо нь:

Дөрвөн бэрх - 8
Гурван морь, нэг хонь - 75
Дөрвөн морь - 100
Дөрвөн тэмээ - 95
Гурван тэмээ, нэг ямаа - 45
Дөрвөн хонь буюу ямаа - 4
Нэг морь, гурван хонь - 25
Нэг тэмээ, гурван ямаа - 15
Хоёр хоёроор ижил буувал - 2

Дөрвөн морь буувал хамгийн азтай, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийг бэлгэдэж шууд авдар дээрээ залдаг ёс бий.


Дээшээ эхэнд очих



2020 онд

Монгол ардын тоглоом наадамд дараах бичлэг, бүтээлийг бий болгон ажиллаж байна.

- 4 шагайгаар тоглох 20 гаруй шагайн тоглоомыг бичлэг болгон танилцууллаа
- Хөлөгт тоглоомуудыг агуулсан "9 даваа" тоглоомын богцийг бүтээж байна




Дээшээ эхэнд очих



Comments